2012.05.28

Шатахууны үнийг тогтворжуулах "шинэ" боломж

Өнөөдөр УИХ-ын даргад Д.Ганхуяг, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтворжуулахад чиглэсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

 Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд нь ОХУ-ын Роснефть компани болон бусад компаниудаас Төвийн чиглэл, Эрээнцав, Улаангом боомтоор дараа сард нийлүүлэх А-80, А-92, дизелийн түлшний хилийн үнийг ам.доллараар авч, тухай үеийн ам.долларын ханшаар үржүүлэн төгрөгөөр гаргаж, уг төгрөгөөр тооцсон хилийн үнээс таван хувиар гаалийн татвар төлдөг байна. УИХ-ын 2009 оны нэгдүгээр сарын 16-нд баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан хөнгөлөлттэй онцгой албан татваруудыг ногдуулдаг байна. 


Тухайлбал, 2011 оны 166-р тогтоолоор Гаалийн албан татвар, Онцгой албан татварын хэмжээг 2011 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс 0 хувиар, 2011 оны 248-р тогтоолоор дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг нэг тонн тутамд 100 мянган төгрөгөөр, бусад автобензины татварын хэмжээг 2011 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 0 хувиар тус тус тэглэж, татварын хөнгөлөлтийг үзүүлсэн байна.Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд төрөөс хөнгөлөлт үзүүлж ирсэн нь компаниудын орлого, ашигт сайн дэмжлэг болж байгаа. Гэхдээ энэ хэлбэрийн хөнгөлөлтийг өөрчилж бөөний болон жижиглэн худалдааг салган, зааглаж, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамаарч зөвхөн жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд Онцгой албан татварын хөнгөлөлтийн зохицуулалтыг хийх нь зохистой байна хэмээн хуулийн төслийг санаачлагч гишүүд үзэж байгаагаа УИХ-ын даргад илэрхийлж байлаа. Ингэснээр шатахууны жижиглэнгийн борлуулалтанд өрсөлдөөн бий болж, шатахууны жижиглэнгийн үнэ хямд, тогтвортой байх нөхцөл бүрдэх юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.