Онцгой албан татварын тэмдгийн тухай онцлон ярилаа
2011.04.27

Онцгой албан татварын тэмдгийн тухай онцлон ярилаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш /2011.04.26./ хуралдаж,    Онцгой албан татварын тухай болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Үндэсний татварын ерөнхий газрын даргын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

 

Уг мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн тавьсан  хүсэлтийн дагуу хийж буй юм.

hayanhyarvaa_zogsoo

Онцгой албан татварын тэмдгийн нууцлал, хяналтын системийг боловсронгуй болгох, спирт, архи, шар айраг, тамхины онцгой албан татварын хяналтыг сайжруулах тухай эхлээд танилцуулж, тэдгээрийн  хууль эрх зүйн асуудлаар холбогдох асуудлуудыг ч мөн  хөндсөн.

 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дотоодын үйлдвэрийн болон импортын архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг нааж борлуулахаар хуульчилсан ч харин шар айрганд бол тэмдэгжүүлэх хууль, эрх зүйн орчин байхгүй аж.

 

Хуралдааны үеэр Онцгой албан татварын тэмдгийн олголт, зарцуулалт, онцгой албан татварын ногдуулалт, төлөлтийн асуудлыг мөн хөндсөн. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд жилд дунджаар, тухайлбал сүүлийн гурван жилд 45,8 сая ширхэг архины, 72,1 сая ширхэг тамхины онцгой албан татварын тэмдэг олгож, тэрхүү олгосон тэмдгийнхээ 90-95 хувийг тухайн жилдээ зарцуулдаг гэсэн тоо байна.

 

Гаалийн байгууллага жилд дунджаар онцгой албан татвараас 26,7 тэрбум төгрөгийн орлого оруулж байгаа бол Татварын албадаас улсын төсөвт жилд 78,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг гэнэ.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын мэдээлэлд дурдсанаар бол, давхардсан тоогоор 169 аж ахуйн нэгжийн 2008-2010 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийжээ. Түүгээр 56,3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 10 аж ахуйн нэгжтэй холбоотой 38,1 тэрбум төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн нийт 2,8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн гэлээ.

 

Шалгалтаар илэрдэг зөрчлийн талаар мөн багагүй тоо, баримт дурдагдаж байлаа. Онцгой албан татварын  тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэгтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шил савтай буюу  тийм төрлийн архийг хурааж устгаж байснаа мөн хэлсэн. Мөнгөөр тооцвол энэ нь 245,3 сая төгрөг болж байна. Ер нь шалгалтаар илэрсэн хуурамч тэмдэгтэй архи, тамхинд ногдох татварын хэмжээг тооцоход дунджаар 215.4 сая төгрөгийг төсөвт оруулах боломжийг алдсан гэсэн тоо гарчээ.

Хуралдааны үеэр дэлгэц дээр шалгалтаар илэрсэн онцгой албан татварын хуурамч тэмдгийг гишүүдэд үзүүлж, танилцуулж байсан.

 

Түүнчлэн энэхүү тэмдгийг хэрэглэж буй гадаадын улс орны зарим туршлагын талаар ярьж,  Монголд хэрэглэж болох боломж, ач холбогдлын  талаар ч хөндсөн юм.

 

Үүний дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр Ажлын хэсэг ажиллахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.