2012.05.26
Медведев зургаан сарын дотор биелүүлэх долоон зорилго тавив
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ Засгийн газрынхаа анхны хуралдааны үеэр сайд нарынхаа ажлыг цаасан дээр бичсэнээр нь биш нүдэнд харагдаж, гарт баригдахаар болж биелснээр дүгнэнэ хэмээн анхааруулаад, ирэх зургаан сарын хугацаанд биелүүлэх долоон зорилго тавьсан байна.
Үүнд, нэгдүгээрт, төсвийн шинэ дүрэм журмуудын дагуу гурван жилийн төсвийн нооргийг гаргах, хоёрдугаарт, төсвийн байгууллагынхны хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, гуравдугаарт төрийн өмчит байгууллагуудыг байж болох хэмжээгээр хувьчлахыг эн тэргүүнд зорилгоо болгожээ.
Оросын хүн амын өсөлт удааширч байгаатай холбоотойгоор төрөлтийг дэмжиж, мөн дундаж наслалтыг уртасгах нөхцөл боломж бий болгох ажлыг дөрөвдүгээрт чухалчилсан байна.
Эрүүл мэндийн шинэ сайд, анагаах ухааны эрдмийн зэрэгтэй Вероника Скворцова энэ талаар мэдээлэхдээ “Хоол тэжээл, амьдралын хэв маягаар дамжуулж энэ зорилгын 50 хувь нь биелнэ. Хүрээлэн буй орчныг сайжруулснаар 10 хувь, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулснаар 25 хувь нь биелэх болно.
Орост эрүүл мэндийн үйлчилгээг орчин үеийн стандартад хүргэж, боломжийн үнэ тарифтай болгох ёстой” гэсэн байна. Шинэ Ерөнхий сайдын тавьсан тав дахь зорилго Оросын хөрөнгө оруулалтын орчныг эрс сайжруулах. Энэ үеэр Тээврийн сайд Максим Соколов өөрийн саналыг хэлэхдээ “Эдийн засгийн дэд бүтцийн нэг чухал элемент нь тээврийн тогтолцоо бөгөөд бүх салбарын эдийн засгийн хөгжилд чухал шаардлагатай” гэжээ.
Зургадугаарт, ажлын гүйцэтгэл, чанараар нь өрсөлдүүлэн бүх төвшний удирдлагыг сайжруулж, долдугаарт, сайд бүрийн удирдлага дор шинжээчдийн баг байгуулах замаар нээлттэй Засгийн газрыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорилго болгосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.