2009.12.04

Г.Баярсайхан: Экологийн баримжаатай бизнесийг хөгжүүлэхэд төр үлгэрлэх учиртай

-Төр засгаас байгаль орчинд зориулан төсөвлөдөг мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье.

-Засгийн газар байгаль орчинд ээлтэй бодлого явуулж байгаа. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тодорхой зааж өгсөн.
Байгаль орчинд хоргүй технологийг нэвтрүүлэх, ойн сав, усны сав газар ашигт малтмал олборлохыг хориглоно гэсэн чухал санаанууд явж байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөе гэсэн санал санаачлага ч байгаа. Энэ бүгд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс сүүлийн хорин жил байгаль орчноо хамгаалах тал дээр хамгийн зоримог шийдвэр гаргасан нь саяхан УИХ-аар баталсан ойн сав, усны сав газар ашигт малтмал эрэх, хайх олборлохыг хориглох хууль байгаа юм.

Энэ хууль их том агуулгатай учраас, эерэг үр дагавар авч ирнэ гэж найдаж байна. Мэдээж хуулийн агуулга нь том учраас хэрэгжихэд нэлээн бартаа саадыг давах нь ойлгомжтой. Гэхдээ л энэ хуулийн хүрээнд 1000 гаруй аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах асуудал яригдана гэхээр ямар их хэцүү зүйлтэй тулгарах нь танд харагдаж байгаа байх. Иймээс лиценз цуцалсантай холбоотойгоор олон компанийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан нөхөн төлбөрийн асуудал гарч ирэх нь юм. Тэгэхээр аль ч асуудлыг зайлшгүй шийдээд явах хэрэгтэй. Нөхөн төлбөрийн хувьд компаниудын нэхэмжилсэн хэмжээгээр бус Монгол Улсын татварын ерөнхий газарт хэдий хэмжээний татвар өгсөн түүнээс нь хамаарч хувь хэмжээг нь тогтоох жишээтэй. Одоогоор байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг зогсоох асуудал дээр төр засгаас төсөвлөж байгаа мөнгөний хэмжээ хангалтай биш байна. Жишээлбэл, цөлжилттэй тэмцэхэд ногоон хэрэм, судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах гээд нөгөө л хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Хэдийгээр Байгаль орчны яам гадна, дотноос төсөл хэрэгжүүлж, хандивлагч байгууллагуудаас мөнгө босгодог ч тэр нь тухайн төсөлдөө л үр өгөөж өгөхөөс нийт улсын хэмжээнд мөнгө нь хүрэлцдэггүй зэрэг бэрхшээлүүд байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг дэлхийн дулаарлын асуудал ихээр татаж, энэ чиглэлээр хийгдэх олон ажлын дараалал ар араасаа гарч ирж байна. Жишээлбэл, яг энэ асуудлаар ирэх 12 дугаар сарын дундуур Копенгагинд дэлхийн улс гүрний тэргүүнүүд уулзаж, хамтарсан тунхаглал гаргахаар шийдвэрлэж байгаа мэдээлэл дэлхий даяар түгж байна. Тэр тунхаглалаар өндөр хөгжилтэй орнууд дэлхийн дулааралтай тэмцэхэд дундаасаа 200 тэрбум доллар гаргах тохиролцоонд хүрч, энэ мөнгөнийхөө тодорхой хэмжээг нь хөгжиж байгаа орнуудад дамжуулж өгөх үндсэн зарчим яригдаж байгаа юм билээ.

-Байгаль орчинд хор нөлөөгүй үйлдвэрлэлийг дэлхий дахин сонгож байна. Ногоон бүтээгдэхүүн ч гэж ярих боллоо. Гэтэл манай улс бүтэн жилээ үйлдвэржүүлэлтийн жил болгоод зарлаад байдаг. Үйлдвэрлэлийн нөлөөнөөс л байгаль орчинд хор хөнөөлтэй бодис ялгардаг шүү дээ?

-Хүний үйл ажиллагааны ихэнх хэсэг нь байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа байдаг шүү дээ. Манай ард түмэн чинь байгаль орчинтойгоо олон мянган жилийн турш уялдан, хосолж амьдарсаар ирсэн. Тэр ч утгаараа монгол ахуй өрнөдийн бусад иргэншил, соёлоос ялгаатай. Монгол ахуйг тэр чигээр нь эко ахуй гэж нэрлэж болмоор байсан цаг үе бидэнд байсан. Харин өнөөдөр нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар суурин иргэншилд шилжиж байна. Мэдээж нэг дэвшилттэй зүйл байлаа гэхэд бас түүнтэй уялдаад болохгүй зүйл ч байгааг үгүйсгэхгүй. Энэ утгаараа суурин иргэншил маань эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотыг гэрэл цахилгаанаар хангаж байгаа цахилгаан станцаас маш их хэмжээний нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарч байна. Мөн дэлхий нийтээр гүний усыг хамгаалж, үнэтэйд тооцож байхад манайхан цахилгаан станцаа гүний усаар ажиллуулсаар байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотын хэрэглэж байгаа усны гуравны нэгийг цахилгаан станцууд ашигладаг, нүүрсээс гарч байгаа үнс нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй, цацраг идэвхит бодис их байдаг гэсэн тооцоо ч бий. Тиймээс манай компаниуд нийгмийн хариуцлагыг тодорхой хэмжээгээр хүлээж хэвших, хууль дүрмээ дагаж мөрддөг болмоор байгаа юм. Мөн төр засаг ч гэсэн газар доорх баялгаа ухаж гаргаад иргэддээ бэлнээр тарааж өгөх бус, эргүүлээд газар дээрх баялаг болгон ашиглах талаар зөв менежмент хийх зайлшгүй шаардлагатай цаг нэгэнт иржээ. Улс төрийн намууд ч гэсэн улс орноо хөгжүүлэхийн тулд мөнгө тараах бус, бүтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрэх нь зүйтэй байх.

Өнөөдөр Өмнөговьд хэн дуртай нь дуртай зүгрүүгээ зам гаргаж байна. Говийн хөрс бол эмзэг, ургамал нь тачир, дээгүүр нь 100 тоннын даацтай машин нэг удаа явахад л эргээд нөхөн сэргээгдэхэд олон мянган жил хэрэгтэй болно. Иймээс сум суурин газрууд, уул уурхайн орд газруудад засмал зам тавьж байж олборлолтоо явуул гэсэн наад захын шаардлагыг тавих хэрэгтэй л дээ. Үйлдвэрлэл хөгжүүлэхдээ ч уул уурхайг байгаль орчинд хоргүй технологийг нэвтрүүлэх гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэлд усаа дахин ашигладаг, 24 цагийн хяналтын системтэй байх, хяналтын систем нь хөрс, ус, агаарт химийн хорт элементүүдийн найрлагыг хянаж байх тийм орчин үеийн технологийг бид хөгжүүлэх шаардлагатай. Уул уурхайн олборлолт дуусаад хаагдахад олон улсын хэмжээний түвшинд хүрсэн нөхөн сэргээлт хийж байх гэсэн өндөр шаардлага тавьж дэлхийн хэмжээний стандартад нийцсэн үйлдвэр байгуулах ёстой.

Мөн манай төр засаг өнөөдөртөө нүүрсээ шатааж, эрчим хүч гаргаж авах бодлого барьж байна. Би хувьдаа үүнээс өөр бодолтой байгаа. Монгол Улс эко энергээр дэлхийд тэргүүлэх ёстой. Жишээлбэл, саяхан Хятад, Америк хоёр нийлж Техас мужид нарны эрчим хүч ашиглах цахилгаан станц байгуулж байна. Тэр станц нь 180 мянган америк өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангана гэсэн тооцоотой юм байна. Өнөөдөр Улаанбаатарын 200 гаруй мянган өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бололцоо байна. Хамгийн гол нь төр засаг үүний үндсийг нь тавих шаардлагатай. Тэр ч утгаараа "Сэргээгдэх эрчим хүчний тухай" хууль гаргасан.

Хуулийн хувьд сайн боловч хуулийг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг тогтолцоо нь учир дутагдалтай байсаар байна. Манайд бол нарлаг өдөр олон, салхины эрчим хүч газрын магмын дулааныг ашиглах хангалттай бололцоо бий. Яг энэ талаар олон жишээ дурьдаж болно л доо. Европын холбоо, Африкийн Сахарын цөлд эрчим хүчний "Desert tech" гээд маш том төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Салхи, нарны эрчим хүчээр Европ тивийг хангах төсөл юм. 2050 он гэхэд энэ тивийн 20 хувийг нар, салхины эрчим хүчээр хангах тооцоотой. Европ тивийн 20 хувийг хангах бололцоо байхад манай Монголыг хангахад бүрэн боломжтой гэсэн судалгаа ч байдаг. Манайд 49 сая долларын хөрөнгө зарцуулан Тайширын усан цахилгаан станц байгуулаад байгаа. Усан цахилгаан станцаар эрчим хүч гаргах санаа нь зөв боловч, энэ асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлага гараад байна. Гэтэл усан сан усаа дүүргэхийг хүлээх зуур Завхан голын эх дээр хоёр алтны компани алт олборлож, эхийг нь сүйтгэснээс гол тасарч байна. Энэ утгаараа цаашдаа Тайширын станцын усан сан дүүрэх нөхцөл харагдахгүй байгаа юм. Тэгэхээр бараг 200 гаруй километрийн цанаар жижиг гол горхи нийлж байж Завхан гол багахан хэмжээгээр урсаж байна. Энэ хугацаанд маш олон хүн, мал усны гачаалалд орж байна. Усгүй болсноор цөлжилт явагдаж, байгаль орчинд сөрөг нөлөөллүүдийг үзүүлж эхэлж байна. Анхнаасаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийхдээ гарч болох үр дагаврыг сайн тооцох хэрэгтэй байсан байх. Миний тооцоолсноор бол усан сан мөд дүүрэхгүй учраас голоо урсгах нь чухал гэж үзэж байгаа. Байгалийн унаган төрхөд нь эргэж оруулах саналтай байна. Харин цахилгаан станц байгуулах шийд гаргасан, байгаль орчны үнэлгээ буруу хийсэн, Завхан голын эхэн дээр алт олборлосон хүмүүст тодорхой хэмжээний хариуцлагыг ч бас орхигдуулах ёсгүй. Хариуцлага ярихаар л манайд зөвхөн эрүүгийн хуулийн дагуу шийдэх гээд байдаг. Экологийн хариуцлага, экологийн цагдаа, экологийн прокурор алга байна. Энгийн прокурор, мэргэжлийн бус хүн байгаль орчны хохирлын үнэлгээг гаргаж чадахгүй. Тиймээс экологийн прокурор эко цагдаа зайлшгүй хэрэгтэй байна. Энэ асуудлыг бодолцож шийдэх цаг нь болсон. Харамсалтай нь энэ санал санаачлагууд УИХ-аар ороод унасан.

-Дэлхийн олон улсад гүний усаа хамгаалдаг, хайрладаг гэж дурдлаа. Хот суурин газрын бохир усыг манайд бүрэн цэвэрлэж, ашиглаж чаддаггүй. Томоохон үйлдвэрүүд дээр энэ туршлагыг нэвтрүүлэх ажил хийгдэх боломжтой юу?

-Ус бол дэлхийд хамгийн ховор, үнэтэй байгалийн ашигт малтмал болох цаг нь тун ойрхон байна. Уснаас болж улс орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч байна. Энэ утгаараа уснаас болж дэлхийн цаашдын улс төрийн өнгө аяс өөрчлөгдөх нөхцөл байдал ч харагдаж байгаа юм. Хятадын хойд хэсэг усны гачаалалд орж байна. Хятадын миллиард гаруй хүн ам хэмнэлтийн горимд шилжсэн. Хятадууд Сибирээс ус импортолж авах асуудлыг ярьж байна. Манайх ч гэсэн үндсэндээ усны хомсдолд орсон. Бэлчээр нь усгүй, худаг усны асуудал хүндэрч, гүний усны хэмжээ доошилсон зэрэг нь биднийг зөв бодлого явуулах хэрэгтэйг улам бүр сануулж байна. Өнөөдөр хэн нэгэн хүн дуртай газраа гүний худаг ухаад ашиглаж байна. Тусгай гүний усны мониторинг хийгдэж байж, гүний ус доошилсон газар зөвшөөрөл олгохгүй байх жишээтэй. Ийм журам үйлчилж байх ёстой. Бүх аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд усыг ашиглахдаа хэмнэлтийн горимд шилжих. Дэлхий дахин шилжээд орсон, Монгол бол хоцроод явж байна.

-Экологийн асуудал зөвхөн нэг улс, нэг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний ажил хэрэг болжээ. Экологийн баримжаатай бизнесийн түлхүүр нь юу вэ? Хэрхэн хөгжүүлж бид байгаль орчноо хамгаалах вэ?

-Төр засгаас бодлогыг нь зөв тодорхойлж, өөрөө үлгэр үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Төрийн ордны өргөтгөлийг барихад эко барилгын аргаар барих. Эко барилгын онцлог нь дулаан алдалт бага, агааржуулалт маш өндөр хэмжээтэй, дулаанаа нарны энергээс аваад, нарны энергээ боловсруулж өөрөө цахилгаанаа гаргадаг гэх мэт. Мэдээж дотроо сайхан цэцэг ногоо алагласан. Би бол шинэ төрийнхөө ордонг тэгж харж байгаа. Энэ шинэ технологиудыг хэлсний учир нь цаашлаад бусад аж ахуйн нэгжүүд, барилгын салбарт эко технологи нэвтрэх хамгийн тод үлгэр нь болоосой гэсэндээ юм шүү.

-Экологийн таатай орчинг хот суурин газар бүрдүүлэх нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны нэгэн чухал зорилго байх ёстой. Таны хувьд энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой гэж бодож байна?

-Төр аль болохоор бизнес эрхлэгчдэд таатай орчин, нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Үүний нэг жишээ бол татварын хөнгөлөлттэй орчин. Мэдээж төрөөс дарамт, шахалт үзүүлэхгүйн дээр эко шинэ технологи, эко орчин бүрдүүлж байгаа компаниудыг одоо байгаа хөнгөлөлтүүдээс илүү хөнгөлөх юм бол Монголын хөрсөнд үйлдвэрлэлийн эко технологи улам цэцэглэн хөгжих боломжтой. Бас нөгөө талаас бизнес эрхлэх орчин хэр эрүүл саруул байна тэр хэмжээнээс л шинэ технологи хурдан нэвтэрнэ.

-Таны хувьд УИХ-ын гишүүн болоод жил илүү боллоо. Сонгуулийн сурталчилгаагаа экологийн асуудалтай холбож хийж байсан. Экологийн асуудлаар энэ хугацаанд Та юу хийв?

-Гишүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хийсэн ажлууд байна. УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг бол хууль санаачлах, боловсруулах байдаг. Миний хувьд "Ойн сав, усны сав газарт ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай" хуулийн төслийг санаачлагчдын нэг. Энэ хуулийг бидний хэдэн гишүүд их хурлаар батлуулсан. Мөн хотын ногоон бүсийг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл санаачлаад явж байна. Зохих газруудад нь санал санаачлагийг хүргүүлсэн. Хариу саналаа ирүүлэх байх. Мөн долдугаар сарын нэгний үйл явдалтай холбоотойгоор эрх чөлөөгөө хязгаарлуулсан жирийн иргэдэд зориулж "Өршөөлийн тухай" хуулийг санаачилж байсан. Өршөөлийн хуулийн үзэл санаа явж байгаад Ерөнхийлөгч өршөөлийн хууль гаргаж үзэл бодлоо илэрхийлж хэлмэгдсэн залуучуудыг эрх чөлөөтэй болгосон.

-Саяхан УИХ-аар уул уурхайн баялгийн 15 хувийг цөлжилтийн эсрэг зарцуулах саналыг ногоон бүлгээс гаргасан. Яагаад манай эрхэм гишүүд экологийн чухал ач холбогдолтой саналыг дэмжсэнгүй вэ?

-Монгол Улс уул уурхайн баялгаас орж ирэх ёстой мөнгийг юунд"зарцуулах вэ гэдэг асуудал дээр гишүүд бүр янз бүрийн саналтай байгаа. Харин би экологич хүний хувьд нэг зүйл хэлмээр байна. Бид Монгол ёс заншлаар өглөө бүр идээнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөдөг шүү дээ. Харин өнөөдөр бид байгалиасаа баялгийг нь ухаж авчихлаа. Тэр утгаараа баялгийнхаа дээжийг эргүүлээд хангай дэлхийдээ өргөх ёстой. Тиймээс орж ирэх ашгийн 15 хувийг цөлжилт, утааны эсрэг зориулъя гэсэн санал байсан. Байгаль орчин хамгаалах 15 хувийг гишүүд ерөнхийдөө ойлгоогүй юм уу, эсвэл хүсээгүй юм уу, энэ асуудал дэмжигдсэнгүй. Миний хувьд байгалийн баялгаас орж ирсэн мөнгөний тодорхой хэсэг нь байгаль орчныг хамгаалахад зориулах ёстой гэж үзэж байгаа. Хэдийгээр 15 хувь гэж ороогүй ч Хүний хөгжлийн сан хуулийн төсөлд байгаль орчныг хамгаалах талаар тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар заалтууд орсон.

-Улаанбаатарын утаа эхэлчихлээ. Жил бүр л ярьсаар байх уу?

-Утаа бол эдийн засгийн чадавхи муутай улс бүрт байдаг нийтлэг асуудал. Гэхдээ бид байх ёстой гээд хараад суугаад баймааргүй байна. Хамгийн түрүүнд нийслэл хотын төлөвлөлтийг зөв болгох хэрэгтэй. Салхиныхаа дээр гэр хороолол, хог шатаах цэгээ байгуулсан нь одоо эргээд энэ бүх асуудал үүсэх нэг нөхцөл болж байна. Энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Мөн хотын утааг барилгажих замаар бууруулах нь хамгийн зөв алхам гэж үздэг. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний нэг нь утаагүй түлш, коксжуулсан нүүрс яах аргагүй мөн. Гэхдээ энэ бол хотыг барилгажуулах хүртэлх түр зуурын л арга юм. Монгол Улсын эдийн засаг стратегийн том ордуудыг ашиглалтанд оруулж, эдийн засаг хүчирхэгжиж иргэдээ ажилтай орлоготой болгон барилгын салбарыг шинэ шатанд гаргаж, утааны асуудлыг цогцоор нь шийдэх ганцхан зам л байна.

Г.Мөнхдэлгэр
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.