2012.04.26

Н.Энхбаярыг хоёр сар хорих шийдвэр гаргажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс  Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яллагдагчаар татаж хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Харин ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Т.Батболд, газрын дэд дарга, хурандаа Ц.Хосбаяр нар иргэн Н.Энхбаярыг саатуулж буй үйл явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

-Сэжигтэн Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 07.00 цагаас эхлэн цагдан хорих үйл ажиллагаа эхэлсэн. Цагдан хорихтой холбогдох хууль тогтоомжид сэжигтнээр цагдан хоригдож байгаа тохиолдолд эхний удаад биед нь үзлэг хийх журмын дагуу үзлэг хийхэд ямар нэг гэмтэл илрээгүй. Эмч үзэхэд биеийн байдал нь хэвийн байсан.

Ингээд түүнд сэжигтний эрх үүргийг албан ёсоор танилцуулсан. Улмаар түүнд танилцуулсан тухай тэмдэглэл дээр гарын үсэг зурахыг хүссэн боловч тэрбээр гарын үсэг зурахаас татгалзсан. Ийм учраас өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчид нь сэжигтэн яллагдагчийн эрх үүргийг танилцуулж, энэ тухай түүнд мэдэгдэхийг хүссэн авч өмгөөлөгч нь ч бидний хүсэлтээс татгалзсан гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цагдан хорих үйл ажиллагаанд төрийн тусгай хамгаалалтаас өдөр тутам, цаг минут хором бүрээр хяналт тавьж байгаа аж. Хоол хүнсний хувьд төрийн тусгай хамгаалалтын шугамаар хоол хүнсний материал ирж,  үүн дээр эмч, төрийн тусгай хамгаалалтын ажилтны хяналт дор хоолыг бэлтгэж, төрийн тусгай хамгаалалтын ахлах албан тушаалтны хяналт дор өөрт нь хоолыг хүлээлгэн өгч байгаа гэнэ.

Үүнээс гадна цагдан хорих байрны албан тушаалтнууд хууль тогтоомжийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдлэх зарчмыг хатуу баримталж байгааг хэвлэийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Мөн Цагдан хорьсон цаг мөчөөс хойших бүх мөч хором видео бичлэгт байгаа бөгөөд сэжигтэн өнгөрсөн хугацаанд 2-3 зөрчил гаргажээ.  Сэжигтэн хүн захидал харилцаа бичих, өөрийнхөө санал хүсэлтээ илэрхийлэх нь хуулиараа нээлттэй ч захидлаа хорих байгууллагын албан тушаалтанд үзүүлж шалгуулснаар түүнийг холбогдох газарт нь илгээдэг журамтай юм байна. Гэтэл сэжигтэн эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй захидал гадагш явуулжээ. "Сэжигтэнтэй ХЗДХ-ийн сайд очиж уулзан дарамт шахалт үзүүлсэн. Цагдан хорих байрны ажилтанд үүрэг даалгавар өгсөн" хэмээн бичиж буй нь худлаа гэдгийг хэлье" гэв.

Үүний дээр өмгөөлөгчөөрөө дамжуулан гаднаас гар утас оруулсан байна. Гар утсын хэрэглэсэн, хадгалсан тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулж, 15 хоног сахилгын байранд хорьдог журамтай ч энэ шийтгэлийг ногдуулаагүй байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.