УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2012.10.17
Д.Оюунхорол: 2013 оны төсөв иргэдийг бус эрх мэдэлтнүүдийг дэмжсэн
МАН-ын гишүүд өчигдөр хуралдаж, 2013 оны төсвийн талаар ярилцсан юм. Хуралдааны дараа МАН-ын гишүүд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос 2013 төсвийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын 2013 оны төсвийн төсөл дээр МАН-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгэхээр төсвийн төсөл дээр хууль зөрчсөн зүйл гарсан эсэхийг тодруулахгүй юу?
-МАН-аас төсвийн төслийг хянах ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 2013 оны төсвийн төслийг өргөн барихдаа тодорхой хуулиудыг зөрчсөн. Шинэчлэлийн Засгийн газрын шинэчилсэн төсөв хэмээн нэрлэсэн төсөл нь маш олон хуулийг зөрчиж, төсвийн хуулийг боловсруулж өргөн барьсан гэж үзэж байгаа.-Тухайлбал, ямар хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?
-Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж ажлын хэсэг үзсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар маань өөрөө хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааныхаа үндсэн зарчмыг алдаж, орж ирлээ гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор Монгол Улсын Ерөнхий сайдын багцад ямар төсөл, арга хэмжээнд зарцуулагдах нь тодорхойгүй, задаргаа байхгүйгээр 50 тэрбум төгрөгийг төсөвт бүтнээр нь баталж өгөөч гэж оруулж ирсэн. Энэ нь Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа их том зүйл.-Үүнийг гишүүдийн тэрбум төгрөгийн өнгөлөн далдлалт гэсэн яриа гарах боллоо. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Миний ойлгож байгаагаар, магадгүй энэ 50 тэрбумаар хуучин УИХ-ын гишүүдийн нэг тэрбум төгрөг гэдэг тодотголтой хэрэгждэг байсан төсөл, арга хэмжээний зардлыг өөрсдийнхөө бүлэг, эвслийн гишүүдэд олгохоор оруулж ирж байгаа болов уу. Харин бүр өмнөхөөсөө дордуулаад, далд хэлбэрээр олгох гэж байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрж байна.-Өнөөдөр /өчигдөр/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар барилгын зураг төсөл байхгүй байхад төсөвт оруулж ирлээ гэсэн асуудал яригдсан. Энэ талаар?
-Засгийн газраас өргөн барьсан 2013 оны төсөв дотор Төсвийн тухай хууль, Барилгын тухай хуулийг нэлээд ноцтой зөрчсөн, зураг төсөл нь байхгүй барилга байгууламжуудыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, нэлээд олон барилгын обьектуудыг оруулж ирсэн байгаа. Мөн жижиг дунд бизнес эрхлэхийг нэлээд сайн дэмжинэ гэж Монгол Улсын Засгийн газар их ярьсан. Ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгох тухай асуудлыг ч маш их ярьсан. Яг энэ төсөв дотроо үнэхээр хүн рүү чиглэсэн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн ямар бодлого шийдвэрүүдийг оруулж ирж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Тухайлбал, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр импортолж байгаа сэлбэг, түүхий эд болон туслах материалыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг байхгүй болгож, оруулж ирсэн байна. Мөн Атрын III аяны хүрээнд хөдөө, аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизмуудыг, гурилын үйлдвэр болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг бас байхгүй болгоно гэж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол олон зуун мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа томоохон салбаруудаа татаж унагаах бодлого болно гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулиудыг Засгийн газар татаж авах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм.-Энэ сарын 1-ээс эхлэн хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрөөс эхлээд энэ мөнгө банкуудад байрших ёстой. Хүүхдийн мөнгөний асуудалд Ардын намын байр суурь ямар байгаа вэ?
-Манай Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхдээ хүн төвтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх тухай маш их ярьсан. Одоо ч ярьж байгаа. Гэтэл өнөөдөр халамж хэрэгтэй байгаа хүмүүст хүйтэн сэтгэлээр хандсан төсөв гаргаж ирсэн. Тухайлбал, үдийн цай, цэцэрлэгийн хоол, ЕБС болон МСҮТ-үүдийн дотуур байрны сурагчдын хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь гаргуулна гэсэн саналыг оруулж ирсэн. Мөн Засгийн газраас аравдугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгө олгож эхэллээ. Гэхдээ хүүхдүүдэд мөнгө олгож байгаа мэт боловч нөгөө талаасаа хүүхдүүдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг, эхээс гаргана гэсэн шийдвэр гаргаж байгаа нь хүүхдэд олгож байгаа 20 мянган төгрөгийг олгоогүйтэй л адил болно. Тийм учраас нүглийн нүдийг гурилаар хуурч яах нь вэ дээ. Ядаж хэрэгжүүлж байсан, уламжлал болсон төрийн байгууллагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явах нь яасан юм бол гэж бодож байна.-Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнуудад олгох ёстой мөнгөн тэтгэмжийг байхгүй болгож байгаа гэсэн үү?
-Багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг байхгүй болгохоор, хуулийн төслийг татаж авахаар Засгийн газраас оруулж ирсэн. Энэ бол буруу. Сургуулийн үйл ажиллагааг явуулахад арын албыг хашдаг, хар бор, хүнд хүчир ажлыг нь хийдэг, тэр аймаг, сумын сургууль, цэцэрлэгийн нярав, нягтлан, галч, тогооч, үйлчлэгч, манаач гээд үйлчилгээний ажилтнуудад хуулиар олгох ёстой мөнгөн тэтгэмжийг олгохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байгаа. Үүнийг хүний хөгжлийн бодлогоосоо ухарсан шийдвэрийг гаргаж байна гэж үзэж байна. Ингээд төсвийн төслийг бүхэлд нь уншиж үзэхээр иргэдээ бус эрх мэдэлтнүүдийг дэмжсэн төсөв болоод байна гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа. Төсвийн тухай хуулийг батлахдаа 2011 онд нэлээд маргалдаж байж баталж байсан. Энэ үед бас Концессийн тухай хуулийг баталж байсан. Гэтэл бас Концессийн тухай хуулийг татаж авах санал оруулж ирсэн байгаа. Үүнээс гадна Төсвийн тухай хуулийг дагалдан таван тэрбум ам.долларын бонд гаргах саналыг оруулж ирсэн. Энэ мэтчилэнгээс нь харахаар Монгол Улсын ирээдүй өрийн дарамтад орох эрсдэлтэй төсөв болж байгаа юм биш биз дээ. Таван тэрбум ам.долларыг аваад ямар төсөл, арга хэмжээнд, яаж зарцуулах гэж байгаа юм. Хэзээ энэ төсөл, хөрөнгө мөнгийг хэрэгжүүлэх юм. Хүүг нь яаж төлөх юм. Төсөвт үүнийгээ яаж тусгах юм бэ гэсэн зүйл заалтууд орж ирээгүй байгаа нь Монгол Улсын ирээдүйг өрийн дарамтад оруулчих вий дээ гэсэн асуудлыг үүсгээд байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа юм. Ингээд бүхэлд нь авч үзэх юм бол энэ 2013 оны төсөв нэлээд эрсдэлтэй төсөв боллоо, олон хуулийг зөрчлөө. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар өргөн барьсан хуулийн төслөө татан авч, хуулийн хүрээнд нийцүүлэн оруулж ирэхийг МАН-ын бүлгийн зүгээс санал болгож байгаа юм.-Хэрвээ танай намын зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй гэвэл яах вэ?
-Хүлээж авах эсэх нь тэдний л асуудал. Маргаашнаас /өнөөдөр/ бид харах ёстой. Ер нь бол төрийн бодлогын үйл ажиллагаа хяналтгүй, тэр тусмаа сөрөг хүчний хяналтгүй явж байгаагийн хамгийн том загвар бол энэ төсвийн хууль. Өөрөөр хэлбэл, өнөөдөр яагаад МАН-ын бүлгийг байгуулахгүй байгаа юм бэ гэдгийн цаад учир нь бол сөрөг хүчний дуу хоолойгоо хааж байгаад, төсвөө, бусад хуулиа, үлдсэн бүх асуудлуудаа өөрсдийнхөө дур зоргоор шийдвэрлээд явах, соёлгүй, увайгүй улс төрийг манай сөрөг хүчин хийж байна. Энэ бол ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлээсээ ухарч байгаа хамгийн том илэрхийлэл гэж бид үзэж байгаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.