Нефть бүтээгдэхүүний үнэ өсөх үү
2012.04.04

Нефть бүтээгдэхүүний үнэ өсөх үү

Өчигдрийн байдлаар блүүмбэргийн мэдээлснээр брэнт маркийн нефтийн үнэ 124 ам.доллартай байв. Өнгөрсөн долоо хоногт баррель нь 125 ам.долларыг давж, өсөөд байсан түүхий нефтийн үнэ ийнхүү бага зэрэг буураад байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн энэхүү өсөлт Монголд нөлөөлөх вий гэх болгоомжлол байсан. Ялангуяа зарим шинжээчид нефтийн үнэ баррель тутамдаа 150 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байлаа.

Манай улс нефть бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас бараг л 100 хувь хараат. Энэ байдлыг арилгах талаар ярьж байгаа ч тийм амархан үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой юм. Тэгвэл АНУ Ираны нефтид хориг тавьсан, нөгөөтэйгүүр Иранд цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэсэн болгоомжлол хойд хөршийг нефть бүтээгдэхүүний экспортын татвараа тонн тутамд 49.5 ам.доллараар нэмэгдүүлэхэд хүргэв. Шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй билээ.

Нефть импортлогч компаниудын хувьд Засгийн газраас хилийн үнийг тэглэсэн ч ОХУ-ын экспортын татвар голлох нөлөөтэй гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас экспортолж буй бүтээгдэхүүний татварыг импортлон авч буй манай тал төлдөг билээ. Тиймээс экспортын татвар нэмэгдсэн нь дотоодын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсөх вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа.

Юутай ч дөрөвдүгээр cap гарсаар хэд хонож байхад нефть импортлогчид үнэ нэмэх талаар хараахан дуугараагүй байна. Гэхдээ Засгийн газраас нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын асуудлыг cap бүрийн 5-нд хэлэлцдэг билээ. Хамгийн сүүлд хоёрдугаар сард нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүх бүтээгдэхүүнд тэглэх шийдвэр гаргаснаас хойш өөр шийдэл гараагүй байгаа.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас авч болох хамгийн эцсийн арга хэмжээгээ авчихсан гэсэн үг. Үүнээс цааш үнэ өсөхөөс өөр аргагүйд хүрвэл Засгийн газраас ямар ч арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй гэж зарим мэргэжилтнүүд хэл билээ. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 120 ам.доллараас давбал, дотоодын зах зээл дээр ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй гэж хэлэх эдийн засагчид ч байдаг.

Ерөнхийдөө дээр хэлсэн жишгээр бол энэ дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд өсөх хандлага ажиглагдаж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өссөн, үүнээс шалтгаалж, ОХУ экспортын татвараа нэмэгдүүлсэн зэрэг шалтгаан байна. Дээрээс нь дотоодын зах зээлийг тогтвортой байлгах арга хэрэгслүүд дуусчихаад байгаа билээ.

Гэхдээ Засгийн газрын төвшинд "одоо бүх аргаа хэрэглэж, дууслаа" гээд зүгээр суусангүй. Дэргэдээ үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулж бүхий л мэдээллийг хяналтдаа байлгаж байна. Түүнчлэн зайлшгүй тохиолдолд хэрэглэх газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж ажиллахыг аль нэгдүгээр сард шийдсэн байгаа. Дээрх арга хэмжээнүүд үр дүнгээ өгвөл үнэ өсөхгүй байхыг ч үгүйсгэхгүй.

Юутай ч дөрөвдүгээр cap гарсаар зарим аж ахуйн нэгжүүд нефть бүтээгдэхүүнийхээ үнийг буулгасан сайн мэдээ байна. Өчигдрөөс эхлэн "Петровис" ХХК АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр буурууллаа. Түүнчлэн зөвхөн ОХУ-аас ихэнх нефть бүтээгдэхүүнээ авдаг байсныг бага боловч халж, БНСУ-аас шинэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж эхэлсэн. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхлэлийн хувьд нефть бүтээгдэхүүний салбар харьцангуй гэгээлэг байна.

Гэхдээ тэглээ гээд тайвширч болохгүй гэдэг нь мэдээж билээ. Нефть бүтээгдэхүүний үнэ өсөх, буурах нь гадаад зах зээлээс хамааралтай хэвээр байна. Хэдийгээр нефть бүтээгдэхүүн импортлох эх сурвалжуудыг төрийн бодлогоор нэмэгдүүлж байгаа ч ОХУ дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байгаа. Хойд хөрш ямар шийдвэр гаргахаас манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарах нь хамаарч байна. Үүний хамгийн том илрэл өнгөрсөн оны тавдугаар сард гарлаа шүү дээ. Хэдхэн хоногийн дотор нефть бүтээгдэхүүний үнэ огцом өсч, түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ "галзуурсан" билээ.

Төрөөс нефть бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш боловсруулах гэх мэт олон асуудлыг ярьж байгаа. Гэхдээ үр дүнд хүрэх эсэх нь тийм ч тодорхой биш байна. Яг өнөөгийн нөхцөлд бол дээрх төслүүд цаасан дээрх бичгээс хэтэрч чадахгүй байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тэгэхээр Монгол Улсын нефть бүтээгдэхүүний салбар ойрын хэдэн жилдээ нэг улсаас хараат байдлаас салах боломжгүй ч байж болох юм. Энэ салбарын зарим судлаачид "Үйлдвэр барьсан ч хараат байддаас гарах боломжгүй" гэж хэлдэг юм билээ.

Юутай ч нефть бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сард ч болов өсөхгүйгээр, тогтвортой байгаасай гэж найдъя. Аз болоход, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтворгүйжиж, савлаж эхэлсэн гуравдугаар cap өндөрлөлөө. Дөрөвдүгээр сараас эхлэн үнэ харьцангуй тогтворжих төлөвтэй байгааг шинжээчид хэлж байгаа. Тэгэхээр манай нефть импортлогчид үнэ тогтворгүйжиж, өссөн гуравдугаар сарыг төдийлөн сандралгүйгээр давчих шиг боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.