Шатахууны үнэ дахиад нэмэгдвэл татвараар зохицуулах боломжтой
2012.03.15

Шатахууны үнэ дахиад нэмэгдвэл татвараар зохицуулах боломжтой

Шатахууны үнэ хэзээ өсөх бол, хойд хөрш татвараа дахиад нэм­чих­вэл бидэнд бензиний үнээ зохицуулах өөр арга бий юу, яавал бусдын гар харахгүйгээр дотоод­доо нефтийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж эхлэх вэ гэсэн асуултын эцсийн хариу гараагүй байна. Шатахууны үнэ саяхан болж өнгөр­сөн эдийн засгийн форумын гол сэдэв болсон нь ч ийм шалт­гаантай. Манай сонин "Монголын эдийн засгийн форум-2012"-ын "Шатахууны хараат байдлыг даван туулах нь" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан анхаарал татахаар  гарцуудыг цувралаар хүргэж бай­на. Эхний гарц бол татварын зохицуулалт.

Хүн бүр л Засгийн газар тат­вараа тэглэчихсэн, ОХУ шата­хууныхаа татварыг дахин нэмбэл ямар ч аргагүй  гэж бодож байгаа. Засгийн газар ч ийм агуулгатай мэдэгдэл гаргаад буй. Харин шата­хууны үнэ дахиад өсвөл татвараар зохицуулах арга бий гэж  нефть импортлогчид хэлж байна.  

Газрын тосны хэрэг эрхлэх газраас шатахуун, дизель түлшин дээр ямар татвар ногдуулж байгааг сонирхлоо. Дөрвөн төрлийн татвар авдаг юм байна. Эхнийх нь онцгой албан татвар. Одоогоор энэ тат­варыг тэглэсэн. Хоёр дахь нь албан татвар. Энэ нь бензиний төрөл бүр дээр өөр өөр хэмжээтэй байдаг аж.  90-ээс доош октантай авто бензин буюу А-80-ын  тн тутамд 20350 төгрөг, 90-ээс дээш октантай буюу АИ-92, 95-ын тн тутамд 25700 төгрөг, дизелийн тн тутамд 20140 төгрөгийн татвар авдаг юм байна. Гурав дахь нь гаалийн татвар. Засгийн газрын зүгээс энэ татварыг тэглэжээ. Сүүлийнх нь нэмэгдсэн өртгийн албан татвар. Орлогын арван хувийг авдаг энэ татварыг төрийн зүгээс тэглэх талаар ярьсан удаатай ч чөлөөлөх шийдвэр гар­гаагүй. Нефть импортлогч компа­ниудын хувьд эдгээр татвараас гадна  бусад компаниудын  хуулиар төлдөг бүх татвар хураамжийг төлдөг гэнэ.

Шатахуун боловсруулах үйлд­вэртэй болтол  доод тал нь таван жил шаардлагатай гэж мэргэж­лийнхэн хэлж буй. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ импортын шата­хуунаар голоо зогоохоос өөр арга­гүй.  Харин яаж гайгүйхан шиг үнээр хэрэглээд байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Эдийн засгийн форумын үеэр гарсан нефть импортлогчдоос авдаг тат­варыг тусгай санд төвлөрүүлэх санал хамгийн бодитой, амьдралд ойрхон харагдаж байгаа юм.

Шатахууны үнэ нэмэгдэх эрс­дэлтэй үед санд төвлөрсөн хөрөн­гийг ашиглавал иргэдийн нуруун дээр ачаа бага ирнэ, цагаан сарын өмнөх шиг огцом нэмэгдэх эрсдэл гарахгүй гэж нефтийн салбарын­хан хэлж байна.

М.Халиунбат:  Нефть импортлогчид татвараас гадна олон төрлийн хураамж төлдөг

НИК ХХК-ийн гүйцэтгэх захи­рал М.Халиунбаттай ярилцлаа.

-Нефть импортлогч компа­ниуд татвар төлдөггүй хэрнээ үнээ өсгөөд байна гэсэн шүүмж­лэл байнга сонсогддог. Яг өнөөд­рийн байдлаар хэчнээн төрлийн татвар, хураамж төлж байгаа вэ?


-Нефть импортлогч компаниуд Монгол Улсын хуулийн дагуу бүх төрлийн татвараа төлдөг. Гэтэл зарим улстөрч, үйлдвэрчний эвлэ­лийнхэн татвар төлдөггүй хэдэн нөхөд гэсэн ойлголтыг нийгэмд өгөөд байна л даа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Татварын хуульд заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоо­той бүх төрлийн татварыг төлж байгаа. Бас нэмэгд­сэн өртгийн албан татвар, арав гаруй төрлийн хураамж төлдөг. Багагүй хэмжээ­ний мөнгийг улсын төсөвт оруулдаг. Гаалийн ерөнхий газар 2011 онд анх удаа их наяд төгрөг хуримт­луулсан. Энэ дүнд нефть импорт­логчдын хувь нэмэр их байгаа. Татвар төлсөн дүнгээрээ манай компани гэхэд л гуравдугаар байранд орсон. 

-Ер нь нефть импортлогч ком­паниуд хэдий хэрийн татвар төсөвт оруулдаг бол?


-Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Нефть импортлогч компа­ниудын хэмжээнд тооцоолж үзэхэд жилдээ нэг тэрбум ам.долларын худалдан авалт хийж байгаа. НӨАТ гэхэд 100 гаруй тэрбум төгрөг төлдөг. Аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхлээд бүх төрлийн татварыг нэгтгэхэд төр, засгийнхны яриад байгаа их хэмжээний мөнгө гараад ирнэ. Инээдтэй гэмээр жишээнүүд байна л даа.  Засгийн газар  нефтийн нөөц бүрдүүлэх зорилгоор улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгасан. Хүн сон­соход сүртэй тоо л доо. Гэхдээ энэ нь 2000 гаруй тн бүтээгдэхүүн авах л мөнгө. Нийслэлийн  хувьд  яривал хоёр өдөр хагасын хэрэг­лээ. Сая­хан дахиад нөөц бүрдүү­лэх зорил­гоор 20 тэрбум төгрөг хуваа­риллаа гэж байна. Арав ор­чим хоногийн нөөц бэлдэх мөнгө. Үүнээс их хэм­жээ­ний нөөц бүр­дүүлэх эх сур­валж бид­ний төлдөг татвар дотор бий. Неф­тиэс авдаг татварыг тусгай санд төвлөрүүлээд тогтворжуулал­тын зорилгоор ашиг­лах боломж­той.

-Нефтийн нөөц бүрдүүлэх 45 мянган тн-ын савтай болно гэсэн яриа юу болсон бэ?


-Төсөвт 45 мянган тн-ын сав барина гээд 800 сая төгрөг суул­гачихсан байна лээ. Ийм хэмжээ­ний нөөц багтах агуулах  100-гаад тэрбум төгрөгөөр босно. Асар зөрүүтэй тоо байгаа биз. Хийж бай­гаа, хэлж буй зүйл нь зөрөөд бай­на л даа. Нефть импорт­логч­доос төв­лөрүүлдэг татварын хэм­жээг ха­ра­хаар ийм сав барих хэм­жээний мөнгө  элбэг гарчихаар байгаа.

-Шатахууны үнийн цаашдын ханд­лагын талаар нефть им­порт­­логчдод  тодорхой судал­гаа байдаг уу?


-Яг таг тодорхой судалгаа байх­гүй ч энэ чиглэлийн мэдээллийг анхаарч хардаг. Саяхан  нэг  ном уншиж байхад 2040 онд дэлхийн хэмжээнд нефтийн бүтээгдэ­хүүн­гүй болно гэсэн байсан. Дараагийн арав, хорин жилийг харвал нөөц нь улам шавхагдаж асар үнэтэй болно гэсэн таамаглал бий. Ер нь эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй өсч байна. Тэр дундаа эдийн засаг  нь хүчтэй тэлж байгаа манай улсын хувьд ирэх жилүүдэд хэрэглээ улам өснө.  Бодит байдал ийм байгаа.

-ОХУ-аас шатахуун импортол­дог компанийн хувьд нэг зүйлийг асуумаар байна.   Түүхий нефтийг хойд хөршөөс импортлох бо­ломж хэр байгаа бол?


-Түүхий нефтийн олдоц бэлэн бүтээгдэхүүнээсээ илүү хэцүү. Түүхий нефть олборлож байгаа аж ахуйн нэгжүүд олборлож байгаа тосоо том компаниудад олон жилээр гэрээлээд өгчихсөн байдаг. Бэлэн бүтээгдэхүүн дээрээ улс төрийн шалтгаанаар хязгаарлалт тавьж байгаа улс түүхий тосон дээрээ хязгаарлалт тавихгүй байна гэсэн баталгаа байхгүй. ОХУ АИ-92 бензиндээ 90 хувийн, түүхий нефтиндээ 60 хувийн гаалийн татвартай. Түүхий нетфиэ ч гаргах сонирхолгүй байгаа. Оросоос шууд түүхий нефть оруулж ирнэ гэвэл  тийм амар ажил биш л дээ.

Нийтлэлч
Ц.Баасансүрэн
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.