Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ эхлэв
2012.03.28

Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ эхлэв

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бонн хотноо эхлэв. Монгол Улсын төлөөлөгчдийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хэлтсийн дарга А.Гийс нар тэргүүлэн хэлэлцээнд оролцож байна.

Хэлэлцээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Зам тээвэр, аялал жуучлалын яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ нар болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.Хэлэлцээний үеэр хоёр орны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, мөн хоёр тал 2012-2013 онуудад хамтран хэрэгжүүлэх төслүүд, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэж байна.ХБНГУ нь 1992 оноос эхлэн хөгжлийн тусламжийг Монгол Улсад олгож ирсэн анхны улсуудын нэг юм.

Холбооны Ерөнхийлөгч Х.Көлерийн 2008 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай хоёр орны иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг тунхагласан болно. ХБНГУ-ын канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгуулснаар манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн болно.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны энэхүү ээлжит хэлэлцээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийх төрийн айлчлалын өмнө болж буйгаараа онцлог юм.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.