Одоо эзэмшиж байгаа 241.7 га газрыг иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлүүлнэ
2012.03.16

Одоо эзэмшиж байгаа 241.7 га газрыг иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлүүлнэ

2003 оноос эхлэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэгүй газар олгож эхэлсэн билээ. Газар үнэгүй өмчлүүлэх нийслэл, аймаг, сум гэсэн гурван байршил байгаа. Нийслэлд 0.007, аймагт 0.035, суманд 0.5 га газар өгөхөөр болсон. Үүний дээр нийслэл аймгийн төвийг холбосон улсын чанартай авто замын дагуу суурин газар үүсгэсэн газарт 0.007 га газрыг иргэнд үнэгүй өгөхөөр болсон юм.

Иргэдэд үнэгүй газар олгох ажил ирэх онд дуусгавар болох бөгөөд хугацааг таван жилээр сунгах саналыг гаргаад байгаа. Харин энэ жил иргэдэд хэрхэн газар олгож байгаа талаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс тодруулсан юм.


-Монгол Улсын иргэн бүрт газар үнэгүй олгох ажлыг ирэх жилээр дуусгавар болгоно. Энэ жилийн хувьд газар олголт ямар байдалтай байна вэ?
-Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлөх тухай хууль 2002 онд анх батлагдаад 2003 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн байгаа. Хуульд 2005 оны зургаан сард нэмэлт өөрчлөлт оруулж 2008 оны таван сар хүртэл сунгасан. Мөн хуулинд нэмэлт оруулж дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулж дахин таван жилээр сунгасан. Ингэснээр иргэн бүр нэг удаа үнэгүйгээр 2013 он хүртэл газар эзэмших юм.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтыг жил бүр баталж өгснөөр энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэгэхээр 2012 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар энэ онд 241.7 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж иргэнд өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, одоо эзэмшиж байгаа газрыг нь иргэдэд өмчлүүлэхээр болсон. Одоо эзэмшиж байгаа гэдэг нь энэ газартаа олон жил амьдарсан, эзэмших эрхийн гэрчилгээтэй айл гэсэн үг. Энэ нь шинээр төлөвлөсөн газар биш. Бүх дүүргийн нутаг дэвсгэрт одоо эзэмшиж байгаа газрыг нь өмчүүлнэ.

-Тэгвэл шинээр хаана, хаана газар олгох вэ?
-Шинээр газар олгох асуудал дээр хоёр чиглэлээр мэдээлэл өгөх ёстой. Нэгдүгээрт нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэнд газар өмчлүүлэх. Ингэж газар өмчүүлэхдээ тухайн газар дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийсний дагуу газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, 2008 онд нийслэлийн есөн дүүргийг хамарсан газрын нөөцийн судалгаа хийсэн байгаа. Үүгээр нийслэлийн алслагдсан гурван дүүрэг мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хэрэгцээнд тодорхой хэмжээгээр газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн. Дараагийн нэг асуудал нь газаргүй иргэд шинээр эзэмших газар авахдаа дүүргийнхээ Газрын албанд буюу Засаг даргад хандах ёстой.

Ингэж хандахын тулд хуульд заасны дагуу тухайн эзэмших хүсэлтэй газрын байршлыг тухайн иргэн тодруулж, байршлын тойм зургийг гаргаж хүсэлт гаргах хэрэгтэй. Үүний дагуу газрын албаны мэргэжилтэн тухайн газар дээр очин хээрийн судалгаа хийж нэгдүгээрт дүүргийн газар зохион байгуулалтын хүрээнд иргэнд шинээр эзэмшүүлэхэд тусгасан юм уу, тухайн байршил нь хуулинд заасан хамгаалалтын бүсүүдэд орж байна уу гэдгийг шалгана. Мөн бусад иргэн аж ахуйн нэгжүүд тухайн газарт хүсэлт гаргаж уу гэдгийг шалгаад зөрчилгүй бол газраа эзэмших боломжтой.

-2008 онд хийсэн төлөвлөгөөний дагуу газар олгоно гэлээ. Тодруулбал?
-2012 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах газруудыг төлөвлөөд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, 2008 онд газрын нөөцийн судалгаа хийж нөөц газруудыг тогтоосны үндсэн дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа ажил үргэлжилж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орсон боловсруулахаар төлөвлөсөн газарт энэ жил тухайн газарт ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулна. Өөрөөр хэлбэл, тухайн газарт хаана нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь байх юм бэ гэх мэт бүх зүйлийг төлөвлөсний дараа иргэдээс хүсэлтийг нь хүлээж авна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж байна.

Тэгэхээр гэр бүлийн хэрэгцээнд зориулж газрын төлөвлөгөө боловсруулах газарт Хан-Уул Баянзүрх, Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдэд байна. Улаанбаатар хот дотроо байгаа газруудын хувьд алслагдсан дүүрэг хороонд байгаа. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байгаа. Харин одоо эдгээр газруудад төлөвлөгөө боловсруулах ажил үлдээд байна.

-Орон нутгийн иргэд нийслэлд газар өмчлөх эрхгүй. Харин нийслэлийн иргэд орон нутагт газар өмчилж байгаа. Одоогоор хэчнээн иргэн орон нутагт газар өмчлөх тодорхойлолт аваад байна вэ?
-2011 оны эцсийн байдлаар нийслэлийн 90400 гаруй иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газраа өмчилж авсан байна. Мөн дээрээс нь нийслэлийн 9000 гаруй иргэн бусад аймаг, сумын нутагт газар өмчлөх хүсэлтээ манайд илэрхийлээд тодорхойлт гаргуулсан байна. Жил ирэх тусам эдгээр иргэдийн тоо нэмэгдэж байна. 2008-2009 онд нийслэлээс 1300 иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлт гаргаж байсан бол 2010 онд 1700 болсон. Харин 2011 онд 5000 орчим иргэн энэ хүсэлтийг гаргасан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 1285 хүн орон нутагт газар өмчлөх хүсэлт гаргасан байна.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.