Нийслэлд 9000 га газрыг өмчлүүлнэ
2012.03.15

Нийслэлд 9000 га газрыг өмчлүүлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Нийслэлийн иргэд энэ хуулийн дагуу 0.07 га-г Улаанбаатарт, 0.04 га-г зусланд үнэгүй өмчлөх эрх-тэй. Хуулийн хугацаа дуусахаас өмнө иргэд хаана газар өмчилж болохыг нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтнээс лавлахад, "Судалгаагаар Сонгино-хайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт есөн мянган га газрын нөөцтэй болохыг тогтоосон. Нөөц газруудад ерөнхий төлөвлөгөө гаргасны дагуу Хан-Уул дүүргийн XVI хороо буюу Өлзийт тосгон, мөн тус хорооны Туул тосгон, Жаргалантын, Эмгэнтийн ам, Сонгинохайрхан дүүргийн төмөр замын дөрвөн гарам зэрэг газрыг хуулийн дагуу өмчлүүлж байгаа. Мөн Майхан толгой, Хуурай мухар, Гоодой, Сэлх, Бэлхийн ам, Шадивлан, Ар согоот, Жигжид, Толгойтын зүүн, Баруун салаа зэрэг 19 байршилд 398.58 га газрыг өмчлүүлж эхэлсэн" гэв. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн зарим гишүүн санаачлаад байгаа юм байна. Энэхүү хуулийн төсөлд газар өмчлүүлэх хуулийн хүчинтэй хугацааг дахин таван жилээр буюу 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар тусгажээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.