Батлагдаагүй нөөцийг нийтэд зарлахгүй
2012.02.07

Батлагдаагүй нөөцийг нийтэд зарлахгүй

Канадын "Айванхоу Майнз" компанийн охин компани “Энтри Гоулд” дэлхийд гайхагдах алтны нөөц олсон талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулагдаагүй, ор үндэсгүй луйврын шинжтэй үйл ажиллагаа гэж Ашигт малтмалын газраас өнөөдөр мэдэгдлээ. 


Олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллийг түрүүлж хүргэх шаардлагатай байдаг гэсэн тайлбар өгдөг байна.Ашигт малтмалын газар үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм байна. Төрийн захиргааны байгууллагадаа эхэлж мэдэгдэлгүй манайд мэдэгд гэсэн шаардлага тавьдаг ямар ч бирж байхгүй. Байвал тэдний зүгээс зохих хариултыг өгнө гэж хэллээ. Иймэрхүү асуудал өмнө нь нүүрсний компаниудаас мэр сэр гарч байжээ. Тиймээс Ашигт малтмалын газраас нэр бүхий 12 компанийн удирдлагатай уулзаж, сануулга өгсөн байна. Ашигт малтмалын газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр, аливаа геологи хайгуулын үр дүнд олдсон орд газар, нөөц баялгийн хэмжээ нь Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа өгч, батлуулсны дараа хүчин төгөлдөр болно гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна. Үүнээс хойш иймэрхүү хариуцлагагүй үйлдэл гарахгүй байх гэдэгт итгэж байна гээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-“Энтри Гоулд” компани энэ үйлдэлдээ ямар тайлбар өгсөн бэ?
“Энтри Гоулд” компанийн зүгээс ийм мэдээлэл хийгээгүй гэж хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ташаа мэдээлэл олж аваад түүнийгээ цацсан байна гэж мэдэгдсэн. Энэ компанийн эзэмшлийн газарт Оюутолгой төслийн нөөцийн тодорхой хэсэг байршдаг юм. Өөрсдөө хайгуул хийж, нөөц илрүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл.
-Өмнө нь иймэрхүү асуудал гарахад ямар хариуцлага тооцож байсан бэ?
Иймэрхүү асуудал дээр уул уурхайн компаниудад хариуцлага тооцох механизм байдаггүй. Тиймээс ийм байдал давтагдаж байна.
-Цаашид ийм байдлаар ашиг хонжоо олох гэсэн үйлдэл дахин гарвал яаж хариуцлага тооцох вэ?
Иймэрхүү байдлаар ташаа мэдээлэл цацаад байвал Монголын уул уурхайн салбар төдийгүй Монгол улс нэр хүндээ алдах аюултай. Тиймээс бид мэдээллийн хэрэгслүүд болон интэрнетээр олон улсад ташаа мэдээлэл тарааж байгаа компаниудыг зарлана. Тухайн компанийн нэр хүндийг унагах арга хэмжээ авах болно.
-Эрүүгийн эсвэл захиргааны хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаг уу?
Тийм заалт одоохондоо байхгүй. Ташаа мэдээлэл цацсан бол биржид нь хариуцлага хүлээлгэдэг.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.