2012.02.02
Дэд сайд Ж.Сауле Германаас туршлага судалжээ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ХХААХҮЯ-ны 6, ТЭДС-ын 6, нийт 13 хүний бүрэлдэхүүн 2012 оны 1 дүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэрийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчид энэхүү айлчлалынхаа хүрээнд 77 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Олон Улсын Ногоон Долоо Хоног” үзэсгэлэн яармаг, Олон улсын ХАА-н сайд нарын “Тогтвортой өсөлтөөр хүнсний баталгаат байдлыг хангах – Хязгаарлагдмал эх үүсвэрээр ХАА-н үйлдвэрлэл эрхлэх” сэдэвтэй хэлэлцүүлэг, "Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт – GFFA - Global Forum for Food and Agriculture 2012” зэрэг арга хэмжээнүүдэд оролцов.
Энэ жил эдгээр арга хэмжээнд нийт 64 орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар оролцсон бөгөөд Румын Улс 2012 онд түнш орноор оролцлоо.“Ногоон Долоо Хоног” арга хэмжээний нээлтэд зориулан ХБНГУ-ын Хүнс хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэр, Берлин хотын захирагч ноён К. Вовэрайтын нарын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр дэд сайд Ж. Сауле хатагтай И.Айгнэртэй уулзаж Монгол Улсад Германы үлгэр жишээ загвар аж ахуй байгуулах ажлын талаар ярилцаж, энэхүү ажлыг яаралтай дуусгах тал дээр анхаарч ажиллахаар болов.
“Тогтвортой өсөлтөөр хүнсний баталгаат байдлыг хангах – Хязгаарлагдмал эх үүсвэрээр ХАА үйлдвэрлэл эрхлэх” сэдэвт хэлэлцүүлэг, "Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт – GFFA - Global Forum for Food and Agriculture 2012” арга хэмжээнүүдийн үеэр гол анхаарлаа дэлхийн хурдацтай өсөж байгаа хүн амыг улам бүр багасаж байгаа усны нөөц, тариалалтын талбай, байгалын нөөц боломжыг илүүтэй ашиглах, усыг зүй зохистой ашиглах, ХАА-н үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх, жижиг дунд орлоготой өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон бодлогыг түлхүү баримтлах, малчид, тариаланчдын боловсролд анхаарлаа хандуулах зэрэг тулгамдаж буй асуудлуудад хандуулсан нь онцлох үйл явдал байлаа.
Дээрх 2 уулзалт нь өмнөх 3 удаагийн ХАА сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр гарсан шийдвэрүүдийг нэгтгэн энэ жил болох үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэх Их-20-ийн уулзалт цаашлаад НҮБ-ын “Рио+20”уриан доор болох Ерөнхий ассамблэйн хурлын хэлэлцэх асуудалд чиглэл өгсөн тунхаг бичиг гаргасан.
Мөн энэхүү тунхаг бичиг нь жил бүр нэмэгдэж буй хүн амын өсөлтөөс улбаалан гарч буй ядуурлын асуудал, эдгээр иргэдийг найдвартай чанартай хүнсээр хангах, улам бүр хомсдож буй байгалын нөөц боломжийг зохистой ашиглах, хөдөөгийн ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг үндэсний хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээний ХАА бодлогыг боловсруулахад тусгахад оршино.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.