Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба болон Аялал жуулчлалын үндэсний төв Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Тэд өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзвэл, 2009 онд дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 851 тэрбум ам.долларт хүрч, 2010 онд нийт 935 сая хүн жуулчилсан байна.
Жуулчны тооны хувьд 2009 онтой харьцуулахад 2010 онд 6.7 хувь өссөн дүн гарчээ. Энэ өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт нь зүүн Ази, Номхон далайн бүсэд ногдож байгаа бөгөөд 2010 онд тус бүс нутагт нийт 204 сая жуулчин аялсан бөгөөд энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их тоо юм.
Зүүн Хойд Азийн бүс нутгаар нарийвчлан авч үзвэл, жуулчны тоо 2010 онд дунджаар 14 хувиар өссөн бөгөөд орон тус бүрээр харвал Хятад 9.4 хувь, Япон 27 хувь, Өмнөд Солонгос 13 хувь, Тайвань 27 хувь, Хонгконг 19 хувь байжээ.
Энэ нь дэлхийн эдийн засаг 2010 онд сэргэж ирсэн, олон улсын хурал цуглаан, бизнесийн аяллын хэрэгцээ өссөн, чинээлэг дундаж давхарга нэмэгдсэнтэй холбоотой. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутагт багтдаг орны хувьд дэлхийн аялал жуулчлалын өсөлтийн энэ хандлагыг тооцон, аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай байгаа юм.