Ц.Шинэбаяр тэмцлийн хэлбэрээ өөрчилнө гэв
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг МАХН-ын Түр штабыг байгуулан ажилласнаас хойшхи хоёр сарын хугацаанд янз бүрийн хэлбэрээр дарамт учруулах болжээ. Авто машинтайгаа явж байхад нь машинаар мөргүүлсэн аж.
Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж буй, санаатай үйлдэл байв уу, үгүй юу гэдэг талаар хараахан хариу ирүүлээгүй байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлжээ гэх худал мэдээллийг МАН-аас тараах болсон. Авлигатай тэмцэх газарт хандаж, асуухад “Шалгаагүй” гэсэн хариулт өгсөн.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын ах дүү, хамаатан саднуудыг нь янз бүрийн хэлбэрээр дарамт учруулах болж, компанид нь шалгалт хийх болжээ. Хамаатан садантай холбогдох компаниудад Улсын мэргэжлийн хяналтын газар, Татварын газар, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр шалгалт оруулсан. Гэвч тэдгээр нь ямар нэг зөрчил илрүүлж чадахгүй байгаа ч, компанийнх нь дансыг хаах зэргээр аж ахуйн үйл ажиллагаанд нь нөлөөлж эхэлжээ. Уг нь татварын шалгалт хоёр жилд нэг удаа хийгдэх ёстой.
Энэ дагуу өнгөрсөн жил дээрх компаниудад татварын шалгалт орж байж. Төрийн байгууллагын дарамт шахалт үүгээр зогсохгүй Үндсэн хуулийн цэц, Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ч тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд нь саад учруулж, МАН-д үйлчилж байгаа талаар тэрбээр жишээ татлаа.
Учрыг тайлбарлавал, МАХН-ын Түр штабаас өнгөрсөн онд Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргасан. Гэтэл дээрх гомдлыг өгөөд ердөө 15 минут болж байтал МАН-ын хуулийн зөвлөх Ш.Раднаасэд МАХН-ын Түр штабынхан руу утасдаж “Та нар яах гэж Цэцэд өргөдөл өгч байгаа юм. Түүнийгээ татаж ав” гэх үгийг хэлсэн аж. Энэ нь Үндсэн хуулийн цэц 15 минут тутамд МАН-д рапорт өгч байгааг харуулсан тод жишээ гэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхны хувьд одоо хэр нь МАХН нэрийн шүүлтийг гаргаж өгөхгүй, байгаа тул удирдлагатай нь хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно гэдгээ онцоллоо.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг дотор түүний үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллах сонирхолтой гишүүн олон байгаа аж. Гэвч үйл ажиллагааг нь дэмжиж байгаа гишүүдийг намаас нь дарамталж буй учраас ил гарах боломжгүй байна гэлээ. Түүнчлэн гишүүнтэй хүмүүс утсаар ярихаас айдаг болжээ. Утсыг нь чагнаж байж болзошгүй учраас биеэр уулзах хүсэлт тавьдаг.
Ер нь утасны яриа чагнаж байх магадлал өндөр гэнэ. МАХН-ын Түр штабыг байгуулан ажилласан үеэс гар утсаараа ярьж байхад 5 минут тутамд 2-3 удаа яриа тасардаг болсон. Тиймээс биечлэн уулзаж байгаа хүмүүс маш олон, дараалал нь дийлдэхгүй байгаа тухай ч учирлалаа. Мөн ажлаас тараад гэртээ харих, гэрээс ажил руугаа явахад мөнхийн дагуултай болжээ.
Хэн чухам тагнаад байгаа нь мэдэгддэггүй. МАХН-ын Түр штабын гадаа машинтай залуучууд ирээд машиныхаа обуд дээр зөөврийн компьютер тавьчихаад юм бичдэг болсон. Хүйтэн өвлөөр өдөр шахам ийм үйлдэл хийгээд байгаа нь цаанаа ямар нэг зорилго л агуулж буй гэв.
Түүнчлэн МАХН-ын Түр штабын зохицуулагч С.Молор-Эрдэнийг МАН-ынхан шүүхэд өгчээ. Шүүхээс түүнийг 14 хоног баривчлах шийдвэр гаргачихаад байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд тус намынхан С.Молор-Эрдэнэ МАХН-ын туг, далбааг ашиглаж байна гэжээ.
МАН-ынхны хууль бус ажиллагаа үүгээр зогсохгүй намын батлах сольж байна гэх нэрийн дор гишүүдэд мөнгө өгөх, эд материал өгөх болжээ. Мөн төсөвт хүртэл нөлөөлөх болсон. МАН-ын батлахыг тараах ажилд төрийн албыг ашиглахын зэрэгцээ авто машиныг нь хүртэл ашиглаж, шатахууныг нь барж буй. Төрийн ажил тусдаа, намын ажил тусдаа байх ёстой. Цаашид энэ мэт хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд тэмцлийн хэлбэрээ өөрчлөх шаардлага тулгарч байна гэдгийг мэдээллийн төгсгөлд тэрбээр тодотголоо.