2025.05.26

Б.Хэрлэн: Тодорхой мэдээлэлгүйгээс төрийн албан хаагчдын дунд ажлаасаа халагдах түгшүүр бий болоод байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Надад 2 асуулт байна. 

Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээтэй уялдуулж асуух юм.

Төсвийн ерөнхийлөн захирагч нараас минь боловсруулж оруулж ирсэн хөтөлбөр, арга хэмжээ, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд нь  асуудалтай байна хэмээн 2-р дүгнэлтэн дээр бичигдсэн байна. Жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 331 шалгуур үзүүлэлтийн 42 нь суурь түвшингүй, зарим үзүүлэлтүүд нь зорилтот түвшингүй, хэт ерөнхий, хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон байна гэжээ. Өөрөөр хэлбэр шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүй болоод ирэхээр жилээс жилд нэмэгдээд байдаг төсөв мөнгө нь. Гэтэл түүний үр дүн эргээд иргэдийн амьдралд ямар үр дүн авчраад байгаа вэ гэдгийг хэмжих боломжгүй болгочихоод байдаг. Үүнийг сайжруулах тал дээр Эдийн засаг, хөгжлийн сайд, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт ямар шаардлага тавьж ажиллаж байна вэ? Бид жил болгон нэмэгдэж байгаа төсөв мөнгө тодорхой үр дүн авчирсан байх ёстой. Түүнийг бид тодорхойгоор шалгаж дүгнэдэг байх ёстой гэдгийг бүгд мэднэ. Үүнийг 10 гаруй жил төсвийн хуулийн дагуу хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэл 12, 13 жил болоод байхад нутагшиж, үр дүнгээ өгч чадаагүй байгаа дээр ямар дүгнэлт хийж байна вэ?

Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийнхөн тэргүүлэх чиглэл дээр төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах, тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна гээд тодорхой тоо заагаад ороод иржээ. Энэ бол нийт төрийн албан хаагчдын дунд ажлаасаа халагдах түгшүүрийг төрүүлж байгаа. Ямар арга замаар хийх вэ гэдгийг тодорхой болгоод өгөөчээ. Тухайлбал, нөхөн гарсан орон тоонд хүн ажилд авахгүй байхаар тоо багасах гээд байгаа юмуу, эсвэл тэгшитгэж байгаад бүгдээс нь 9, 9-н хувиар хасах гээд байгаа юмуу? Эсвэл төрийн албыг цахимжуулах замаар орон тоог бууруулах гээд байгаа юмуу, чухам яг ямар арга замаар хийх гээд байгааг, энэ арга зам болгоны цаана ямар тооцоо байна вэ гэдгийг тодорхой хэлээд өгөөчээ гэж асуумаар байна.

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн