2025 оны 2 болон 3 дугаар сарууд оюутан, сурагчдаараа бахархсан сарууд байлаа
2025.04.07

2025 оны 2 болон 3 дугаар сарууд оюутан, сурагчдаараа бахархсан сарууд байлаа

Цаг үеийн мэдээлэл №5

Өмнөговь аймгийн ШУТИС-ийн салбар сургуульд Эрдэс баялгийн салбарт тун удахгүй хөл тавих 3-р дамжаанд суралцаж буй оюутнуудтай 4 долоо хоногийг өнгөрөөв. “Ашигт малтмалын эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт, эрдэс баялгийн салбар дахь Монгол улсын цаашдын хөгжлийн гарц" зэргийг дэлгэрэнгүй ярилцав. Цааш цаашдаа хичээл сургалтын ажлыг тогтмол зохион байгуулна.

Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдаас эхлээд Их, дээд сургуулийн оюутнуудын дунд Өмнөговь аймагт “Өмнөговь GenZ марафон” нийгмийн төслийн уралдаан болон спорт тэмцээн зохион байгуулав. Анх төлөвлөгөө гаргаж байх явцад 10-аад баг оролцох байх гэж таамаглаж байсан маань даруй 3 дахин ихсэж, олныг хамрав. Тэмцээнд оролцсон бүх залуус ЯЛАГЧИД байсан гэдгийг онцолъё доо.

  • Хэсэг бүлэг залуу улстөрчдийн санаачлагаар УИХ-ын Тамгын газрынхны дэмжлэгтэйгээр “Нээлттэй парламент” хөтөлбөр хэрэгжив. Миний ажлын албанд уул уурхайн салбарыг сонирхон суралцаж буй 5 мундаг залуус хуваарилагдав. 2 дугаар сард Даланзадгадад байсан тул оюутнуудаа аймагт хүлээж авах, тэнд цаг заваа тохируулан мэддэг зүйлсээсээ хуваалцахыг хичээж ажиллалаа.
  • Оролцсон хурал, зөвлөгөөний тухайд:
  • Zorig Foundation сангаас их олон сонирхол татахуйц төслүүд хэрэгждэг. Үүний нэг болох “Empowering Women in Stem” хөтөлбөр 3 дугаар сард хэрэгжээд дууссан юм. Төслийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн хамтаар инженер сэтгэлгээтэй бүсгүйчүүдтэй хэлэлцүүлэг хийв. Бүсгүйчүүддээ ажлын өндөр амжилт хүсье.
  • Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүн Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК, ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК, Админерал ХХК-уудын талбай дээр нь очиж ажиллав. Ажлын хэсгийн дүгнэлт удахгүй эцэслэгдэнэ.
  • “Монголын геологи-хайгуул 2025” ээлжит чуулган болов. Монгол улсад Хайгуулын үйл ажиллагааг дэмжиж явуулах, ашиглалт болох боломж тун бага, эрсдэл ихтэй байдаг юм гэдгийг онцоллоо. Жилээс жилд улам чадварлаг байдлаар зохион байгуулж буй Үйлдвэрлэлийн геологийн холбооны хамт олонд баяр хүргэе.
  • УИХ дээр Монгол улсын бүх Боомтуудын үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Шивээхүрэн боомтод ажиллав. Энэ хаврын чуулганаар Боомтын тухай хууль өргөн баригдах төлөвтэй байгаа. Хэрэв батлагдвал боомт бүхий аймгууд, сумд боомтын үйл ажиллагаанаас байнгын үр өгөөж хүртэх боломж бүрдэх юм.
  • "2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын Хаврын ээлжит #Чуулган эхлэв.
  • Энэ чуулганаар Татварын багц хуулиуд, Хүний үндсэн эрхийг хангахтай холбоотой хуулиуд, Монгол улсын эдийн засгийг улам тэлэх олон хуулиуд хэлэлцэгдэнэ.

Түүнчлэн, миний бие өөрийн ажиллаж буй Усны тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Стратегийн ашигт малтмалын тухай хуулиуд дээрээ идэвхтэй ажиллах завгүй, ачаалалтай чуулган болно.