2025.04.08

Ж.Энхбаяр: Тарифын бодлогоор дотоод зах зээлээ хамгаалах зайлшгүй шийдвэр минутаар хэмжигдэн хүлээгдэж байна

Өнгөрсөн 2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт хүнд байж, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум орчим ам.долларын хохирол учирсан тул гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүй импортолж, үнийн хөөрөгдлийг барих зохицуулалтын арга хэмжээг УИХ, авч мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг Засгийн газар 180 дугаар тогтоолоороо баталсан.

Уг шийдвэрийн хүрээнд ОХУ-аас 6 хилийн боомтоор 64 мянган тонн бэлэн гурил, 76 мянган тонн улаан буудай татваргүй оруулж иржээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 дахин их тэжээл юм.

Гэтэл энэ нөхцөл байдал нь “Хүнсний хувьсгал” зорилтын хүрээнд дотоодоосоо 100 хувь хангаж байсан улаан буудай, гурил үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон. Өөрөөр хэлбэл нэг асуудлын шийдэл өөр нэг асуудлыг бий болгоод буй.

Тухайлбал, дотоодын гурилын 17 үйлдвэр байсан. Одоо 6-7 нь ажилладаг бусад нь хаалгаа барьсныг статистик мэдээлэл харуулж байна. Гурил үйлдвэрлэл 100 хувиас 60 хувь руу унаж, 40 хувь импортын хамааралтай болоход хүргээд байгааг салбарын сайд УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр анхааруулж хэллээ.

Зудын эрсдэл өнгөрч, хаврын тариалалт эхлэх нь

Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайг дотоодоосоо 100 хувь хангах нөхцөл бүрдсэн. 2024 онд 386 мянган тонн үр тариа хураан авч, 210 мянган тонныг хүнсний чиглэлд нийлүүлээд байна.

Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзээд ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж энэ хаврын чуулганы нэн түрүүнд шийдэх асуудал хэмээн онцолж буй.

Тэрбээр "5-р сарын 1-нээс тариалалт эхэлнэ. Үүнээс өмнө үрээр хангах бодлого тодорхой болох ёстой. Татвар тэглэсэн асуудлыг шийдэхгүй бол газар тариалангийн салбарт эрсдэл үүснэ. Дэлхийн бүх улс орон тарифын бодлогоор дотоод зах зээлээ хамгаалж байгааг бид харж байна" гэв.