2025.05.01

Ж.Батжаргал: Хүнээр хүн хийдэг, хүн төлөвшүүлдэг өвгөдийнхөө өв соёлыг өнөө цагийн эрх зүй, хүний эрхтэйгээ уях нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож байна

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нэгдүгээрт, Хүний эрхийн төлөв байдлын тухай 24 дэх илтгэлийг ХЭҮК-оос судалгаа тайлан, хяналт, шинжилгээ, үнэлгээ, гомдол мэдээлэл, дүгнэлтэд тулгуурлаад 6 үндсэн бүлэг дээр оруулж ирж байна. Аливаа зүйлс ухаалаг хил хязгаартай байх тухай л ойлголт юм. Хүний эрхийг хангах гэдэг юм уу, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх чиглэлд төр хийгээд төрийн зохих эрх мэдэлтнүүд хүлээсэн үүргээ хэрхэн хангаж байгаа вэ гэдэг асуудал байгаа. Үүнийг бид зохицуулж болно. Тиймээс танайх энэ илтгэлдээ тодорхой институцүүдэд зөвлөмж өгөх эрхтэй шүү дээ. УИХ, ЗГ болон тухайлсан хууль хяналтын байгууллагуудад нь зөвлөмжөө гаргасан нь дээр байх. Нэгэнт илтгэлийг дагуулаад гарах шийдлээ тодорхойлоход ямарваа нэгэн зөрчил үүсэхгүй! Учир нь нэгэнт судалгаа гэх мэт y, хийгдээд тайлан нь гараад ирж байгаа. Ингэж гэмээ нь амь орох байх. Энэ талаас нь нэг хармаар байна!

Хоёрдугаарт, хүнээр хүн хийдэг, хүн төлөвшүүлдэг өвгөдийнхөө өв соёлыг энэ цагийн эрх зүй, хүний эрхтэйгээ хэрхэн холбох вэ? Ер нь магад ч үгүй энэ их дутчихсан байж мэднэ. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай ярихаар манай боловсролын салбарынхан "сургалтын хөтөлбөрийн агуулгад байгаа" гэж ярьцгаагаад хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг үндсэндээ орхигдуулсан! Тэр бүхэл бүтэн үе өнөөдөр нас бие гүйцэж, амьдрал ахуй руу хөл тавьж орж ирж байгаа. Үүнийг дагаад байдал амаргүй байж мэднэ. Тиймээс бид цаашид сайтар ул суурьтай дүн шинжилгээ хийж, засах чиглэлд ажиллах ёстой! Ер нь өнөөдрийн хүүхдүүд ирээдүйн эцэг эхчүүд шүү дээ. Бид хэд чинь заримдаа учиргүй нэг талдаа савах юм. Төрүүлээд өсгөчихсөн эцэг, эхээс нь хүүхдийг хамгаалах гэж оролддог байдлаа хамаагүй их гаргаж ирэх юм. Зарим нь мэдээлэл олж авах эрхийн тухаймэдээлэл түгээх эрхийн тухай ярих юм... Тэр мэдээлэл дотор яг нарийндаа хүний төлөвшилтэй холбоотой мэдээлэл байгаа юм уу? Магад ч үгүй хүний оюун санааг гэмтээж мэдэхээр мэдээлэл нь давамгайлчхаад яваад байгааг үгүйсгэхгүйБид туурга тусгаар үндэстэн. Өөрсдийнхөө иргэдийг бэлдэнэ, төлөвшүүлнэ, эх орныхоо төлөө хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмрийг нь оруулна л гэж бодож байгаа бол "кодлолт" гэдгийг ярих ёстой. Тухайлбал, монгол хүн гэж ийм хүн байх ёстой, хүнийг төлөвшүүлэхэд боловсролын сургалтын хөтөлбөр ийм байх ёстой, мэдээллийн технологи талдаа явах урсгал нь ийх байх ёстой гэхчлэнгээр асуудалд хандмаар байна. Тиймээс энэ хүрээнд судалгааны ажлыг өргөжүүлмээр байна.

Гуравдугаарт, хууль тогтоомжуудыг сүрхий засварладаг урсгал руу орчихлоо. Эрх зүйт төрийг төлөвшүүлээд, нийгмээрээ "тогтчихсон ойлголт" юм руу явчихсан. Гэтэл өнөөхөө эвдээд бужигнуулаад эхэллээ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан