2025.05.20

Б.Хэрлэн: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ажлаа сайжруулах шаардлагыг ХЭҮК-оос тавих нь зүйтэй

УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд үндэслэн гарч буй зөвлөмжүүдэд төвлөрч хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн үг хэллээ.

Хүний эрхийн 2024 оны тайланг ялангуяа бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээллийг сонсоод сэтгэл эмзэглээд сууж байна. Хунан даргын ярианд нэлээдгүй ноцтой дүгнэлтүүд гарч байна. Тухайлбал, 40 хүүхдийн материалыг судлаад үзэхэд 17 нь хохирлоо барагдуулах хүсэлт гаргасан. 23 нь барагдуулаагүй. Учир нь өмгөөлөгч байхгүй учраас. 17 хүсэлтийн 7 нь өмгөөлөгчийн санаачилгаар гарсан.

10 нь асран хамгааалагчийн санаачилгаар гарсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эрх зөрчигдөөд байхад өөрийнхөө эрхийг нөхөн сэргээх ойлголт бүдэг байгаатай холбоотой юмуу, нөгөө талаасаа хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж байдаг. Мөн хууль зүйн туслалцааны төв гэж бий. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд байна. Маш олон хүн ажиллаж байгаа. Тэгэхээр хүүхдийн эрх тэнд ноцтой зөрчигдөөд байхад энэ хүмүүс яагаад хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэхгүй байна вэ? Гэмт хэрэг гарлаа гэхэд хүүхдийн эрхийг хамгаалах тухайд, нөхөн сэргээх тухайд, хариуцлагатайгаар ажил үүргээ хийдэг болох тухай дээр ХЭҮК-оос ямар шаардлага тавьж байна вэ? Бид төсвийн тухай асуудал ярих гээд явж байна. 2026 оны төлөвлөгөө ярьж байхад дээрх улсууд ажлаа хийж байгаа гээд л явж байгаа. Тэгэхээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хэрэгжүүлэхгүй байгаа энэ тохиолдлуудад холбогдох байгууллагуудад хамаатуулж гаргаж ирж тавих, иргэдийн өмнөөс шахаж шаардах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн