2025.03.24

А.Ундраа: Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналт сайжирна

Өнөөдөр нийгэм дэх кэйсүүд, хүний эрхийн зөрчлүүд, тулгамдсан асуудал нь парламентын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох шаардлагатайг илтгэж байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ундраа нарын гишүүд 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцүүлэн өргөн барьсан.

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Түүнчлэн төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг онцлогтой. Парламент нь хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй байгууллага. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд дэд хороодыг байгуулан ажиллуулдаг. Гэвч мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын зохицуулалт тодорхой бус хэвээр үлдэж, уламжлалт хандлагаар хүний эрхийн асуудлыг гажуудуулсаар байна.

Харин энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах. Мөн Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хорооны хянан шалгах чадварыг сайжруулах буюу эрх мэдлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ. Хамгийн чухал нь иргэдийн эрхийг хамгаалахад парламентын оролцоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой хуулийн төсөл юм.

Товчхондоо хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлнэ. Ингэснээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрэлдэнэ. Мөн эрүү шүүлттэй холбоотой олон улсын өмнө авсан амлалтдаа Монгол Улс Улсын Их Хурлын түвшинд бодит алхам хийсэн үйлдэл болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn