Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.03.17

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх, ил тод байх зарчимд үндэслэж, хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалттай. Хууль санаачлагчдын зүгээс Монголын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2024 оны арван хоёрдугаар сард баталсан бөгөөд хянан шалгах түр хороог байгуулахаар заасан.

Улсын Их Хурлын олонхыг бүрдүүлж буй улстөрийн хүчин хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ түр хорооны даргыг олонхоос сонгож байгаа нь түр хороо байгуулсан ач холбогдлыг бууруулж байна гэв. Тиймээс түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгохоор хуулийн төсөл боловсруулсан талаараа танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтойг онцлов