“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд боллоо
2021.12.23
Эдийн засаг, Худалдаа

“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд боллоо

Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” хамтарсан цуврал хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) зохион байгуулж буй билээ. Энэ удаагийн (2021.12.22) хэлэлцүүлэг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд болов.


Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь нь юм. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Өмнө нь та бид хамтран “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол”, “Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвүүдээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцон, арга туршлагаа хуваалцсан нь үр дүнтэй болсон... Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон. Мөн Улсын Их Хурлаар улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох хэдий ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болохоор зохицуулсан. Үндсэн хуульдаа ийнхүү хөгжлийн бодлого, төсөвт гүйцэтгэх Улсын Их Хурлын үүрэг оролцоо, хөгжлийн бодлого төлөвлөлтийн залгамж чанарыг хангах талаар тодорхой болгон, зааж өгсөн нь чухал ач холбогдолтой” гээд хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлаар шинээр батлагдсан хууль тогтоомж, баримт бичгүүдэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн тусгасан талаар дурьдлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ мөн улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Япон Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлага чухал ач холбогдолтойг онцлохын зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлэгт илтгэл тавих Үшижима Шүничиро, Нагаяма Кацүхида нар нь туршлагатай мэргэжилтнүүд гэдгийг онцолсон юм.

Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслүүдийг санаачлан боловсруулж, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хөгжлийн бодлогын төлөвлөлт ба төлөвлөлтөд суурилсан төсөв” сэдвээр илтгэл тавив. Илтгэлдээ төлөвлөлтөд суурилсан хөгжлийн зарчим, түүнийг практикт хэвшүүлэхэд учирч буй бэрхшээлийн талаар онцлон хөндөж, ижил төстэй бэрхшээл Япон Улсад тулгарч байсан эсэх, улсын хөгжлийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх төсвөө хэрхэн тодорхойлж, гаргадаг талаар зөвлөмж, шийдлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дараа нь хэлэлцүүлэгт Япон Улсаас онлайнаар оролцсон илтгэгч нар илтгэлээ тавилаа. Япон Улсын Эдийн засаг, төлөвлөлтийн агентлагийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга асан Үшижима Шүничиро Япон Улсын эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн туршлагын талаар илтгэл тависан. Тэрбээр илтгэлдээ дайны дараах Япон Улсын эдийн засгийн хөгжил, хөгжлийн үе шат, эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн түүх, эдийн засгийн төлөвлөлтийн механизмын талаар танилцуулж, тэр дундаа амжилттай хэрэгжсэн төлөвлөгөө болох 1955 оноос хэрэгжсэн “Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх” төлөвлөгөөг онцолж, танилцуулсан юм.

Жайка-гийн “Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьж, илтгэлдээ Япон Улсын хөгжилд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсын улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Япон Улсын туршлагаас суралцах талаар мэдээллийг онцолж танилцуулав.

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүдийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг ажиллаж буй юм. Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг нар үг хэлж, үнэтэй зөвлөгөө, санал, дүгнэлтээ хуваалцсан илтгэгч нар болон хамтран ажиллагч Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Жайка байгууллагад талархлаа илэрхийллээ.

Энэ өдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Д.Батжаргал, Т.Доржханд болон Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МУИС зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов

ШИНЭ МЭДЭЭ