2021.12.16
Зам, Тээвэр

С.Бямбацогт: Онгоц болон сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлсөнөөр тийз хямдарч, нислэгийн тоо нэмэгдэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм байна. Бодлогыг дэмжиж байна. Иргэний агаарын хөлөг буюу онгоцны эд анги, сэлбэгийг татвараас чөлөөлсөнөөр ямар эерэг үр дүн гарах вэ?

Өөрөөр хэлбэл, татвараас чөлөөлөсөн хэмжээгээр зардал буурна. Зорчигч тээврийн тийзний үнэ буурах ёстой. Ийм тооцоо гарсан уу? Ялангуяа алс аймгуудын нислэг, олон улсын нислэгүүд дээр тийзний үнэ буурах уу?

Нөгөө талаас нислэгийн тоо нэмэгдэх үү? Олон онгоц аваад олон нислэг хийж байвал монголчуудад хэрэгтэй. Ийм бололцоо бүрдэх үү? Иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөн бий болж, ачаалал буурч, нислэгийн үнэ буурч, нисэх тоо нэмэгдэх боломж бүрдэх ёстой гэж би харж байна. Ийм үр дүн гарах уу?

Бид шинэ нисэх буудалтай болсон. Үүнээс гадна алслагдсан аймгуудыг нисэх буудлаас олон улс руу нисэх бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гадагшаа карго онгоц, олон улсын онгоц буулгах боломжтой. Заавал Улаанбаатарт бууж дамжихгүй орон нутгийн нисэх буудалд буулгах ёстой. Үүний хэрэгжилтийг хангах талаар ямар бодлого, арга хэмжээ авч байна вэ?"

Түүний асуултанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ