УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
УИХ-ын Хяналт шалгалтын хуультай холбогдуулж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүн дээр тухайн жилийн жилийн төсөв нь үндсэн хууль, төсвийн хуулийн заасан шаардлага хангаагүй талаар төрийн аудитын үндэслэл бүхий дүгнэлт гарсан бол үүнийг төсвийн төслийн хуульд заасны дагуу санал хураалт явуулна гэж байгаа. Хяналт шалгалтын тухай хууль дээр шаардлага хангаагүй гэж үзэх юм бол нэг удаа буцааж болно гэж оруулсан.
Өөрөөр хэлбэл зардалд суурилсан төсөвтэй, тэнд төрийн бодлого, Монгол Улсын Үндсэн хуулийн 25,1,7-д заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бичиг, баримтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөнд суурилж улсын төсвийг хийх ёстой.
Төсвийн хүрээний мэдэгдэлдээ суурилах ёстой.Бодлого, зорилго, төлөвлөгөө, төлөвлөлт хамаа байхгүй тухайн үед зардлаа яаж санхүүжүүлэх вэ,хэдэн дарга нарын тойрогт мөнгө яаж хувиарлах вэ гэдэг байдлаар төсөв оруулж ирдэг. Хууль батлаад өгсөн байхад, хуулийн дагуу төсөв оруулж ирдэггүй. Яагаад ийм асуудал гараад байна вэ?