http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Хэдэн тэрбум, хэдэн их наядаар хохирогч гарч ирвэл хэн хариуцлага хүлээх юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. 

С.Бямбацогт: Өнөөдөр бид  төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас эхлээд жирийн малчин, жолооч хүртэл бүх иргэд тодорхойгүй байдалд байна. Төр бодлоготой байгаа  ч юм шиг, үгүй ч юм шиг. Улс орон хөгжөөд байгаа ч юм шиг, хөгжихгүй байгаа ч юм шиг. Хоёр хөрштэйгээ сайн харилцаатай ч юм шиг, муу харилцаатай ч юм шиг. Тийм тодорхойгүй нөхцөл байдалд бид байгаад байх ёстой юу? Өөрөө сая хэллээ шүү дээ. Төсвийн тэлэх бодлого барьж байна, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжих нь, инфляцийг 1 оронтой тоонд барина гэж байна, ханш тогтвортой байна гэж байна, валютын нөөц харьцангуй тогтвортой байна байх гэж байна.

Хэрвээ хил нээгдэхгүй бол, нүүрс гацсан бол, тээвэр ложистик энэ хэвээрээ гацсан хэвээрээ байх юм бол гээд нөгөө талдаа бид нар мөнгөний бодлогоо тодорхой болгох, мөнгөний бодлого, төсвийн бодлого маань уялдах, ингэж байж ирэх онд эдийн засгийн хэдэн хувиар өсөх юм бэ?

Ард иргэдийн амьдрал сайжрах уу, муудах уу, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх юмуу, буурах юмуу? Би хэр зэрэг бүсээ чангалах юм бэ? Эсвэл сул тавих юмуу гэж айл өрх иргэн бүр ирэх жилийн амьдралаа төрийн бодлогоо харж байж төлөвлөмөөр байна. Тэгтэл тодорхой зүйл яригдахгүй байгаад байдаг. Үүнийг тодорхой болгож өгөөч ээ. Валютын ханш тогтвортой байх уу, төгрөгийн ханш сулрахгүй байж чадах уу? Эдийн засаг бодитоор хэдэн хувиар өсөх юм, инфляци яг ямар байх юм? Үүнд тодорхой хариулт өгөөч ээ, ард иргэд биднээр дамжуулж мэдэж аваг.

Хоёрдугаарт, койнтой холбоотой асуулт. Цахим мөнгө гэж ярьж байна. Хуулийн зохицуулсан харилцаа, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн койн гаргаж, худалдаж, худалдан авч буй хоёр хүний хоорондын асуудалд эрсдлээ өөрсдөө хүлээнэ гээд бид нүдээ аниад суугаад байх юмуу? 

Үүнийг ямар нэгэн байдлаар зохицуулах зохицуулалт байна уу?

Хадгаламжийн хүү буурсан. Зээлийн хүүг бууруулах гэж хадгаламжийн хүүг бууруулсан. Хөрөнгийн зах зээлээс өгөөж харах болов уу гэсэн үгүй. Хүмүүс гэртээ суугаад маш хурдан, амар хялбар аргаар өсдөг юм байна гээд цахим мөнгө рүү орж байна. Үүнд сануулах, сэрэмжлүүлэх, анхааруулах таниулах, сурталчилах ажил юу хийж байна вэ, Санхүүгийн зохицуулах хороо? Хариулж өгөөч.

Гуравдугаарт, мөнгөний бодлого дээр орон сууцны урт хугацааны ипотекийн зээлийг цаашдаа хүү багатай, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс Засгийн газарт бүрэн шилжүүлнэ гэж байна. Тэгтэл Сангийн сайд ипотекийн зээл орон сууцны үнийг өсгөж байна Тиймээс хүртээмжийг нь хумина, багасгана гэсэн асуудал ярьж байна. мөнгөний бодлогоор ипотекийн зээл өгөөжтэй байна, 6 хувийн хүүтэй байна, сайн байгаа зөв бодлого илүү нэмэх ёстой гээд Засгийн газарт өгөхөд Сангийн сайд үгүй, барилга орон сууцны үнэ өсгөөд байна хумина гэдэг.

Ийм байдлаар төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй. Засгийн газар нэг бодлого баримтладаг, нөгөө талд Монголбанк мөнгөний бодлого явуулна гэдэг нь ганцхан ипотек дээр ингэж харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.

ШИНЭ МЭДЭЭ