С.Бямбацогт: Эх орны хийгээд иргэдийн эрх ашгийн эрэмбэ гэж бий
2021.10.21
Эрчим хүч

С.Бямбацогт: Эх орны хийгээд иргэдийн эрх ашгийн эрэмбэ гэж бий

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

- БЯР, БЯД СУУЖ АЖЛЫН ДӨРТЭЙ БОЛЖ ӨГДӨГГҮЙ МАНЦУЙТАЙ САЙД НАРАА ХӨЛД, ХЭЛД, УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУСАД ОРУУЛАХАД ЕРӨНХИЙ САЙД САЙН ШАХАЖ АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ -


-50 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Гэтэл бүтээн байгуулалт эхлэхээс өмнө улс төр ороод дахиад л гацчих асуудал үүсчихээд байна уу?

-Ер нь бол эрчим хүчний хараат байдлаас гарахгүйгээр эдийн засгийн хараат бус байдлын тухай ярих ямар ч боломж байхгүй. Тэр утгаараа Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болсон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөх болсонд баяртай байна. Ямар ч байсан энэ төсөл гадаад дотоод улс төрийн “хавх”-наас гарсан гэж би найдаж байгаа. Энэ бол төр засаг бүхэлдээ нэг зүгт, нэг чигт харж байгаагийн ач шүү дээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн анхны үгэндээ бас л энэ төслийг явуулна гэдгээ амласан. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өгсүүлээд түүнээс хойших бүх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдаж, өнөөдөр бодит ажил хэрэг болох түвшиндээ хүрээд байна. Саяхан Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “...Газрын тосны боловсруулах үйлдвэр, Таван толгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ” гэдгээ дахин нотолсныг та бүхэн анзаарсан байх. Тийм болохоор гацаа үүсэх шалтгаан ч, шалтаг ч алга гэж харж байна.

-Хэдийгээр энэ төсөл улс орны бүтээн байгуулалттай холбоотой том ч нөгөө талд ард иргэд, малчдынхаа эрх ашгийг орхигдуулж болохгүй болов уу. Иргэдийн эрх ашгийг хэр хангаж байгаа вэ?

-Мэдээж хэрэг Усан цахилгаан станцын усан сан үүсэх газар үеийн үед нутаглаж ирсэн малчдын асуудал гэж бий. Энэ хүмүүсийн эрх ашгийг хохироож болохгүй. Тийм ч учраас би төслийн судалгааны ажил, байгаль орчны үнэлгээ,ТЭЗҮ

хийгдэж байх үеэс л холбогдох албаны нөхдүүдэд тооцоо судалгаагаа нарийвчилж сайн хий, хэчнээн малчинд, хэдэн өрхөд ямар хэмжээний нөхөн олговор олгохоо зөв тооц, иргэдэд сайн ойлгуул, хамтарч ажилла гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн.

Миний ойлгосноор Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэх нэгжийн нөхөд гурван удаа газар дээр нь очиж ажиллаж нутгийн иргэдтэй уулзсан юм билээ. Гэхдээ тэр нөхөд энэ ажлаа үр дүн, зохион байгуулалт муутай хийсний харгайгаар өнөөдөр иргэд бухимдаж, тэдний төлөөлөл нь Улаанбаатарт сая ирлээ шүү дээ. Тэр хүмүүстэй би биечилж уулзсан. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү гэдгийг хэлсэн. Тэд ч маш сайн ойлгож хүлээн авсан. Гагцхүү УЦС гэж юу болох, энэ том бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улсад хийгээд нутгийн иргэдэд ямар боломж нээгдэх, тэнд үүсэх усан сангийн байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар үнэхээр ойлголт дутмаг байна билээ.

Тийм болохоор одоо ЭХЯ, БОАЖЯ, төслийн нэгжийн нөхөд энэ хүмүүстэй дахиад сайн уулзаж, ажлаа нэгбүрчлэн танилцуулж, ойлголтын зөрүүгээ арилгах ёстой гэдгийг хатуу сануулах байна. Мөн малчдад олгох нөхөн олговрын хэмжээгээ эргэж харж, яг тэнд нутагладаг жинхэнэ эзэнд нь олж өгөх, УЦС-ын бүтээн байгуулалтын ажилд нутгийн иргэдийг оролцуулах, төсөл хэрэгжих явцад тэднээс мах, сүү гээд шаардлагатай худалдан авалтаа зах зээлийн үнээр нь авч амьжиргааг нь дэмжих, хадлан тэжээлийн талбай, усжуулалтын асуудлыг нь нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж өгөх гээд хамтарч ажиллах бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.

Төр бүх айл өрхийн амьжиргааг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгоно гэдгийг Засгийн газар удаа дараа мэдэгдсэн шүү дээ. Цаашид УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө давхар анхаарах ёстой. Хамгийн гол нь улс орны хийгээд иргэдийн эрх ашгийн эрэмбэ дараа гэж нэг зүйл бийг хаа хаанаа ойлгож, хэн хэнийгээ дэмжиж ажиллах нь чухал шүү дээ.

-Ер нь манайд усан цахилгаан станц барих ажил их удаашралтай байдаг. Үүний учир юу вэ?

-Сэлэнгэ, Эгийн гол дээр УЦС барих том төслүүд удаа дараа гацаж мухардалд орсныг та хэлж байх шиг байна. Гадагшаа урсгалтай голууд дээрээ УЦС барих гэхээр хойд хөрш зөвшөөрдөггүй. Хүчлээд хийе гэхээр гэнэтхэн хаанаас ч юм эх орноо хорлосон “эх орончид” гарч ирээд гацаачихдаг. Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС-ын төсөл олон жил яригдсан. Яг барих гэхээр заавал нэг саад тотгор учирдаг. Бүр улаан цагаандаа гарч улдан чангаадаг. Ингэхдээ жинхэнэ эзэд нь мэдээж ил гарч ирэхгүй.

Монголын улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн. Харин Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухайд аз болоход тийм хувь заяа хүлээгээгүйд баяртай байна. Учир нь Ховд гол гадагшаа урсгалгүй, Хар-Ус нуурт цутгадаг эх оронч гол. Эх оронч голынхоо ээл буянаар Монгол Улсын баруун бүс эрчим хүчний хараат байдлаас ангижрах тийм л хувьтай байж гэж би харж байгаа. Та бодоод үз дээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь юу вэ гээд. Жилдээ 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун таван аймгийн өнөөгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Нийтдээ 52000 ахуйн хэрэглэгчдийг хангах шинэ эх үүсвэр бий болно гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Баруун бүсийнхэн өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа.

Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна. Иргэд аж ахуйн нэгждээ энэ үнийн дарамтыг мэдрүүлэхгүй гэхдээ төрөөс байнга татаас өгч ирсэн. ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөр 17.5 тэрбум төгрөг. Жилээс жилд импортоор авах эрчим хүчний хэмжээ, түүнийг дагаад төлөх мөнгөний хэмжээ нэмэгдээд л байгаа. Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биеллээ олох гэж байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байгаа тухай би өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг юм шүү дээ. Бид эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно гэж хэлээд байдгийн учир ерөөсөө энэ.

-Намрын чуулган нээгээд удаагүй байна. Таны хувьд улс орны хувь заяатай холбоотой нэн тэргүүнд хэлэлцэх ёстой ямар хуулиуд байна гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Улс орныхоо өнөө ба ирээдүйг бодож “ус шүүсгүй” сайн төсөв батлах ёстой. Ерөнхий сайдын хэлснээр үнэхээр “хөгжлийн төсөв” байх уу, “хөгийн төсөв” батлах уу гэдэг УИХ-аас шууд хамаарна. Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үр шимийг бид энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээр хүртэнэ. Тэр юу гэхээр УИХ Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зардлыг нэг төгрөгөөр ч нэмэгдүүлэх эрх байхгүй. Энэ бол маш сайн.

Тун саяхан Ерөнхийлөгчийн ивээл дор Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үндэсний том чуулган болсон. Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар хэлэхэд энэ намрын чуулган бидний хувьд багагүй ачаалалтай чуулган болж таарах нь. 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг амилуулах, бусад холбогдох хуулиар дэлгэрэнгүй зохицуулж өгөх их ажил хүлээж байна. Эхнийх нь Шүүхийн тухай хууль байсан. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг олон нийтэд нээлттэй ил тод сонгон шалгаруулж томилох ажил ид өрнөж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан ололт, амжилтыг бататгаж, алдаа хийдлийг засна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хувь хүний мэдээлэл авах эрхийг хангах тухай гээд хүлээгдэж буй олон хууль байна.

-Намрын улс төрийн халалт эхэлж байх шиг байна. Засаг огцруулах асуудал нийгэмд хүчтэй босоод ирлээ. Та Засгийн газрын үйл ажиллагааг яаж харж байна?

-Улс төрийн халалт гэхээсээ илүүтэй үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой нийгэмд багагүй бухимдал байна. Өвөл хаяанд ирсэн энэ үед ойр зуураа богино зайн улс төр хийх биш улс гэр, хүн ардаа бодсон бодлого чухал. Засгийн газар том төслүүдээ зоригтой эрчимжүүлж, байгаа олсон оновчтой бодлогуудаа хурдан хэрэгжүүлэх ёстой. Бяр, бяд сууж ажлын дөртэй болж өгдөггүй манцуйтай сайд нараа хөлд, хэлд, улс орныхоо төлөө тусад оруулахад Ерөнхий сайд сайн шахаж ажиллах нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүнд эрх мэдлийн ихийг, бас үүрэх ачааны хүндийг ч өгсөн шүү дээ.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын эсрэг арга хэмжээнд 20 их наяд төгрөг зарлаа. Үр дүнд нь өнөөдөр 300 мянган иргэн коронавирус тусчихаад байж байна гэдэг мэдээлэлд та юу хэлэх вэ?

-Цар тахлын хүнд үед Засгийн газар эдийн засгаа боомилох биш, тэлэх бодлого явуулж байгааг нь бид хувьдаа дэмжиж байгаа. Олон аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэй зээл ажлын байр, ашиг орлогоо хадгалж үлдэхэд үр дүнгээ өгсөн. Цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс даагдашгүй шарх авчихгүй үлдэж чадвал монголчууд бид хожно. УИХ Засгийн газарт Ковидын хуулиар онцгой эрх мэдэл өгсөн. Санхүүгийн бүрэн эрх чөлөөг олгосон. Харин энэ эрхээ хэр зэрэг зөв эдэлж байгааг үнэлж дүгнэх нь зүй ёсны асуудал.

-УИХ-ын эрх мэдэл Засгийн газарт шилжсэн, Цар тахлын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхчлэн сүүлийн хоёр жилд гарсан олон хууль тогтоомжоор Засгийн газар хязгааргүй эрх мэдэл, төсөвтэй болсон. УИХ нь Засгийн газраа хянах чадамжгүй болсон гэсэн дүгнэлтийг иргэд хийх боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна. Хэрэв үнэн бол ийм парламенттай байх шаардлага байгаа юм уу, гишүүн ээ?

-Өөрийн чинь дүгнэлтийг хүндэтгэж байна. Гэхдээ зарим зүйл дээр санал нийлэхгүй байна. Яагаад гээч. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тогтоохдоо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхтэй гэж заасан.

Мөн Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах зохицуулалттай болсон. Өөрөөр хэлбэл, УИХ хууль шийдвэр гаргаад орхидог, мартдаг биш түүнийхээ хэрэгжилтийг хянадаг, шаарддаг эрх мэдэл нь бий. Одоо тэр чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө явна шүү.

Энэ бүхэнд Улсын Их Хурлын хараат бус дүн шинжилгээ хийх, хяналт тавих чадавхыг сайжруулах цаг болсныг өнөөдрийн нийгмийн байдал харуулж байна. УИХ нь Засгийн газраасаа хүчгүй мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлж байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалаасаа үлбэгэр дорой мэт харагдаж буйд Ковидын хууль ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх. Би нэг зүйлийг байнга хэлдэг. Тэр бол Улсын Их Хурал хууль батлаад орхих биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг нэг бүрчлэн бүрэн хянадаг, шаарддаг болсон цагт хууль тогтоох эрх мэдэл бүрэн утгаараа хэрэгжинэ гэж.

Тэгвэл одоо бид парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулахыг чухалчилж зорьж байна. Түүний тулд бид Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах гэж байна. Төрийн албаны ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж байна. Тэр цагт гүйцэтгэх засаглал УИХ-ын өмнө жинхэнэ утгаараа хуулийн хэрэгжилтийг хариуцдаг, хууль хэрэгжүүлдэг, хэрэгжилтээ тайлагнадаг болж өөрчлөгдөнө. Ингэж байж иргэд сонгогчдын төлөөллийн байгууллага, төр барих эрхийн индэр болсон УИХ хүчирхэгжинэ.

ШИНЭ МЭДЭЭ