http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов
2021.10.07
Хууль, эрх зүй

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. 

Нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулав.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгожээ.

    Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.

Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн  Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж. Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ