Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг “эрдэнэ” болгож чадсан нь
2021.09.30
Эрчим хүч

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг “эрдэнэ” болгож чадсан нь

Хагас зууны өмнө буюу 1968 оноос эхлэн ярьсан Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг барих ажил энэ сард гүйцэтгэгч нь тодорч бүрэн цэгцэрлээ. 

Эх орондоо эрчим хүчээ үйлдвэрлэж, цаашилбал импортоос экспортод шилжих бүрэн боломж нээгдсэн нь манай улсын түүхэнд бичигдэх нэн чухал үйл явдал болж байна. ОХУ-аас авдаг эрчим хүч Дөргөний УЦС-аас даруй 7 дахин үнэтэй. Энэ их үнийг улсдаа үлдээж, хямд эрчим хүчээр Баруун бүсийг хангах боломжийг Эрдэнэбүрэнгийн УЦС бидэнд олгох юм. Илүү гарсан эрчим хүчээ Төвийн бүсэд нийлүүлнэ гэхчилэн давуу тал ихтэй бүтээн байгуулалтыг энэ хүртэл нь хүчилж, нүдэнд харагдаж, гарт баригдах ажил болгож буй хүн нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт билээ. 

Гадагш урсах олон зуун сая ам.долларыг дотооддоо, тэр дундаа орон нутагт авч үлдэхийн тулд С.Бямбацогт гишүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл их ээ. 

Төслийн нийт хөрөнгө оруулалт болох 818 тэрбум төгрөгийг өнөөдрийн ханшаар нь бодож, үр өгөөжийг нь үл ойшоосон, дутуу ойлгосон бүхний өмнөөс эдийн засаг болоод нийгмийн үр ашиг, өнөөдрийн хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ цэнийг тодорхой ойлгуулан тайлбарлаж чадсан хүн түүнээс өөр байсангүй. 

“Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаах гадны сонирхол байдаг нь нууц биш. Байнга өөрсдөөсөө хараат байлгах гэсэн тэдний хавханд хэдий болтол хавчуулагдах вэ... Монгол улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн” гэж Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн С.Бямбацогт гишүүний үг гашуун ч гэлээ үнэн байсан.

С.Бямбацогт гишүүний хэлсэн үгийг батласан үйл явдал болсон. Долоо хоногийн өмнө Хойд хөршөөс Баруун аймгуудад нийлүүлдэг эрчим хүчээ урьдчилан мэдэгдэлгүйгээр, тодорхой шалтгаангүйгээр 3 хоног тасалсан. Уучлал гуйх албагүй ч гэлээ гэрээний дагуу эрчим хүч хязгаарлахаа урьдчилж мэдэгдэлгүй ийнхүү тасалсан нь биднийг цаашид илүү ухаалаг шийдэл гаргаж, эрчим хүчний бие даасан станцтай болох ёстойг сануулсан. 

Ховд голын мөнхийн урсгалыг мөнгө болгох эхлэл 

Эрдэнэбүрэнгийн төслийг дэмжиж, Ховд голын мөнхийн урсгалыг эрчим хүчний урсгал болгож чадвал Баруун бүсийнхэн төдийгүй улс нийтээрээ хойд хөршийнхөө өндөр үнэтэй эрчим хүчний эрхшээлд нэг насаа барна гэдгийг олж харж, асуулга тавьж, гаргалгааг нь тооцоо судалгаатайгаар тайлбарлаж, хүчлэхдээ хүчилж явсны хүчинд Монгол Улсын Баруун бүсийн 3 аймаг, Төвийн бүс удахгүй эрчим хүчний хараат байдлаас гарахаар боллоо. 

Ховд голын урсгалыг буюу байгалийн дундрашгүй баялагаар эрчим хүчээ өдөр ч, шөнө ч их хүч заралгүй үйлдвэрлэж байхад эхэнд оруулсан хөрөнгө оруулалт болох 818 тэрбум төгрөгөө хэдхэн жилийн дотор эргүүлээд л олчихно гэдгийг тэр ойлгож байсан учир ийнхүү хичээсэн биз ээ. 

Сүүлийн хагас зуунд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болж Эрдэнэбүрэнд 40 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй Усан цахилгаан станц баригдах болно. 

С.Бямбацогт: “Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ. Өнөөдөр баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээ 253.3 сая кВт.ц байна. Энэ хэрэглээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй цаашид тус бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Би хэдэн тоо хэлье. Баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж нээгдэнэ гэсэн үг. Манай улс ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөрт жил бүр 17.5 тэрбум төгрөг төлж байна. Энэ бага мөнгө биш. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байна. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно”.

Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэх нь зөвхөн тог цахилгааны хэрэглээний тухай төдий асуудал биш. Үйлдвэрлэл хөгжүүлэх, үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхчилэн цаашлаад олон асуудлын шийдэл болж өгдгөөрөө онцлог юм. 

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр 

Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байдаг хязгааргүй хэрэглээ учир түүнийгээ хангах, энэ  салбартаа алдагдал хүлээж бус ашиг олдог байхын тулд өнөөдрийн бус ирээдүйн үнэ цэнийг олж хардаг алсын хараатай байхыг С.Бямбацогт гишүүн харуулж яваа. 

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар жил бүр долоогоос найман хувь өсч байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний онцлогт тохирсон томоохон чадлын эх үүсвэрийг богино хугацаанд барьж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хэрэглээний өсөлтийг хангах явдал гэдгийг тэр сүүлийн хэдэн жил байнга ярьж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж асуулга тавьсан. Асуулгадаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулахыг хүссэн нь ч иргэдийг төөрөлдүүлж буй эргэлзээг тайлж, зөв ухуулахыг чухалчилж буйг нь харуулсан. 

Эрдэнэбүрэнгийн УЦС барих бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байраар хангах асуудалд эн тэргүүнд анхаарах хэрэгтэйг ч онцолж ирсэн. Цаашид УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө анхаарах ёстой гэсэн С.Бямбацогт гишүүний саналыг ч тоолгүй орхиж болохгүй. 

УЦС-ыг дагалдан ирэх эерэг шийдлүүд 

Усан цахилгаан станц гэдэг зөвхөн цахилгаан үйлдвэрлэх асуудал биш давхар усны нөөцийн шийдэл хөндөгдөж байдаг гэдгийг тэр онцолсон. УЦС-ыг түшиглэн хиймэл нуур үүсгэх нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндсэн зориулалтаасаа гадна гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтвортой барих, цөлжилтийн эсрэг чийгшэл бий болгох олон талын ач холбогдлыг ч санахад илүүдэхгүй. 

Төр мэдэх юмаа мэдэж, шийдэх юмаа шийдэж, ингэхдээ иргэдийнхээ олонхын эрх ашигт нийцүүлж, цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж голтой, нуруутай бодлогын том төслүүдээ заавал хэрэгжүүлдэг байх нь эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцнэ. Харин төрийн түшээд нь сонгосон иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн ухаалгаар илэрхийлж, шийдэж болдгийн нэг тод жишээ нь С.Бямбацогт гишүүн олон жил араас нь хөөцөлдөж, “хүчилж” бүтээсэн Эрдэнэбүрэнгийн УЦС боллоо.

ШИНЭ МЭДЭЭ