http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
2021.07.07
Улстөр

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

ХЗБХ-ны өнөөдрийн \2021.07.07\ хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. Монгол Улсад ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, төрийн институтийн хяналт-тэнцлийг хангах, эрх мэдэл хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж, харилцан тэнцвэрт байдлыг хадгалахад  шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг чухалчлан баталгаажуулсан гэдгийг дурдав. Улсын Дээд шүүхийг шүүх засаглалын дээд байгууллага хэмээн Үндсэн хуульд заасан байдгийг мөн тэмдэглэлээ.

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолд хууль тогтоох, гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаал “ТӨ 4” дүгээр зэрэг зиндаанд хамаарч, харин шүүхийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаал нэг шат доогуур “ТӨ 5” зэрэг зиндаанд хамаарч байгаа гэв. “ТӨ 5” хэмээх энэхүү зэрэг зиндаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн ажлын алба болох Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаал хамаарахаас гадна адилтгах бусад буюу аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дэд дарга зэрэг албан тушаал хамаарч байх бөгөөд Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй албан тушаалуудтай нэг зэрэг зиндаанд хамааруулсан байгааг хэллээ. Иймд төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах үүднээс Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг  “ТӨ 4” зэрэг зиндаанд хамааруулах, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг “ТӨ 5” зэрэг зиндаанд хамааруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан.

  Үндсэн хуулийн цэцийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын захиргааны албан тушаалын ангилалд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг нэмж тусгах саналыг танилцуулав.

    Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга болон Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалын зэрэг зиндааны талаарх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 76.5 хувь нь, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг холбогдох тогтоолд нэмүүлэх талаарх Үндсэн хуулийн цэцийн саналыг тусгасан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 82.4 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулсан. Төрийн албаны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарна хэмээн заасан. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” цалин хөлс нь бүрдэхээр заасан байдаг байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Өмнө нь гурван удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоож байсан гэлээ. Танилцуулж буй тогтоолын төслийг баталснаар 2021 оны төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг дурдсан.

 Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ