http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуультай болж, хяналт-тэнцлийг хангана
2021.07.07
Улстөр

Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуультай болж, хяналт-тэнцлийг хангана

 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж,  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүнээс энэ сарын 02-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон.

Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсон.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.

Хуулийн төсөл нь бүтцийн хувьд 7 бүлэг, 60 зүйлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар нийгэм, эдийн засгийн дараах эерэг үр дүн гарна. Үүнд:

  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын нэгдмэл, цогц байдлыг хангана;
  • Төсвийн хяналтыг хэрэгжүүлэх парламентын бүрэн эрх, хяналтын процедур болон чадавхыг бүрдүүлнэ;
  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын бүх үйл ажиллагаанд хүний эрхийн хяналт хийгддэг болно;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн биелэлтийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан нэгтгэн хянан хэлэлцсэнээр төсөв үр нөлөөтэй төлөвлөгдөх, хэрэгжих, хөгжилд чиглэсэн байхаас гадна төрийн бодлого үр дүнтэй, бодитой хэрэгжих боломжтой болно;
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Улсын Их Хуралд тайлагнаж, зохих арга хэмжээ авдаг тасралтгүй эргэлтийн тогтолцоо бий болсноор Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомжийн чанар сайжирна;
  • Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулснаар нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэдийг төөрөлдүүлсэн, талцуулсан, холбогдох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг явдал арилна гэж үзэж буйг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай зэрэг 19 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар нар төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар үг хэлж хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн хэлэлцүүлгийн шатанд анхаарах зарим асуудлын талаар санал гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.4 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

ШИНЭ МЭДЭЭ