С.Бямбацогт: Бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө хөгжилд хүрэх газрын зураг юм
2021.06.21
Улстөр

С.Бямбацогт: Бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө хөгжилд хүрэх газрын зураг юм

-Улсын Их Хурал анх удаа “Монгол Улсын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”-г хэлэлцэж эхэллээ. Чуулган болон байнгын хорооны хурал дээр жилийн төлөвлөгөөний төслийг гишүүд нэлээд шүүмжлэх шиг боллоо?

-Өнгөрсөн 30 жилд бидний туулсан замаас олсон сургамж юу билээ гэдгээс яриагаа эхлэх хүсэлтэй байна. Мэдээж хэрэг улс орон тодорхой хэмжээгээр хөгжиж дэвжсэн. Хэдэн тэрбумаар яригддаг байсан улсын эдийн засаг өнөөдөр хэдэн их наядаар хэмжигдэх болсон нь үүний гэрч. Гэхдээ чамлалттай зүйл олон байна. Бид хөгжил дэвшлийг зах зээлийн нийгмийн заяа төөрөгт зөнд нь даатгаад хөсөр хаяснаас болж олон боломжийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Илүү хөгжиж, илүү амжилтад хүрч болох л байсан.

Даанч чадаагүй. Таны асуусан “Монгол Улсын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж чухам юу юм, ямар ач холбогдолтой юм гэдгийг ярихын тулд 2019 онд хийсэн Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлэх ёстой. Бид 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш парламентын засаглалтай бусад улс орны төсвийн төсөл хэлэлцэн батлах процессоос суралцаж, тэр зарчмаар төсвөө батлахыг хичээж ирсэн. Гэвч гишүүд өөрсдийн сонгогдсон тойрог руугаа төсвийн хөрөнгө оруулалтыг татах гэж хичээх болсноор жил жилийн төсөв маань хөгжлийн төсөв биш, харин сонгуулийн төсөв болж хувирсан нь бас л гашуун боловч үнэн..

Үүнийг яаж зөв зохицуулж, нэгдсэн төсөв нь улсын хөгжилд зорьсон хөгжлийн төсөв байдаг тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг амин сүнс нь байсан гэхэд болно. Олзуурхууштай нь удаан судалсаны эцэст 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 2 дахь хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн 30 жилийн турш бий болсон дээрх буруу жишгийг эвдэх боломж гарсан.

-Та илүү тодруулж хэлэхгүй юу. Яг ямар боломж гарсан гэж. Үндсэн хууль чинь их ерөнхий тунхагийн шинжтэй зүйл заалтуудтай байдаг шүү дээ.

-Үндсэн хуулийг яагаад эцэг хууль гэдгийг та гадарлах биз. Нэг ёсондоо эрх зүйн эх ундарга нь гэж хэлж болно. Үндсэн хууль хэмээх эрх зүйн энэ том модноос бусад хууль салаалж салбарлаж төрдөг зүй тогтолтой. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д:”…хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан ….. улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гээд тов тодорхой тусгаж өгсөн.

Өөрөөр хэлбэл санаан зоргоороо улсын төсвийг боловсруулахыг хааж өгсөн. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт бий. Засаг солигдох тоолонд төрийн бодлогын залгамж чанар алдуурдаг байсан алдаа дахиж давтагдахгүй байхад энэ чухал үр нөлөөтэй. Мөн Засгийн газрын оруулж ирсэн төсвийг танигдахгүй болтол нь тарамдуулж өөрчилдөг ужиг байдалд цэг тавьсан. Тодруулж хэлбэл “…Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гээд заачихсан.

Эндээс Үндсэн хуулийн нэг үг өгүүлбэр улс орны нийгэм эдийн засгийн амьдралд ямар их ач холбогдолтой болох нь мэдрэгдэж байгаа биз. Өөр нэг чухал заалт бол “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн агуулгатай зарчмын том өөрчлөлт. Энэ бүх заалтыг үндэслэж түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх зорилгоор өнгөрөгч 2020 оны 5 сарын 7-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэн баталсан юм.

-Тэгвэл бид улсын төсвийг яаж улс орон, хүний хөгжилдөө чиглүүлэх вэ? Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэж яг юу юм бэ гэдгийг сүүлийн 30 жилд анх удаа төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага дээрээ ярьж байгаа гэсэн үг байх нь гэж ойлголоо. Зөв үү ?

-Яг тийм. Би илүү тодруулж хэлье л дээ..Хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсвийг батлана гэдэг маань яг юу гэсэн үг вэ гэхээр улсын төсвийг төрийн эрхийг авсан улс төрийн аль нэг нам, эвслийн сонгуулийн тойрогт хийх улс төрийн арга хэрэгсэл болгохоос сэргийлж байгаа юм. Нөгөө талаас парламент ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд улс орны нөхцөл байдал, ард түмний хэрэгцээ шаардлагыг үндэслэн хөгжлийн бодлогыг тодорхойлж баталнаа гэсэн үг.

Тэр нь төрийн бодлогын залгамж чанар, уялдаа холбоог тасралтгүй хангаж хэрэгжүүлэх үүднээс хөгжлийн бодлогын зорилго, зорилтоо урт хугацаанд 30 жилээр тодорхойлъё, түүнийг 10 жилийн хугацаанд 7 төрлийн хөгжлийн зорилтот хөтөлбөрөөр зорилт, хүрэх үр дүн, түүнийг үнэлэх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлъё. Ингэж тодорхойлсон бодлогоо 5 жилийн үндсэн чиглэлээр төлөвлөе. Энэ Үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцож ялсан улс төрийн хүчин 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахдаа энэ 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлж төрийн бодлогын тогтвортой хэрэгжих боломжийг хангая гэдэг зарчмаар 4 болон 5 жилийн хугацааг бодлоготойгоор тавьж өгсөн юм л даа.

-Ингэснээр төрийн бодлого бүрэн цэгцэндээ орно гэж үзэж байна уу. Хууль батлах нэг хэрэг, түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь түүнээс ч дутахгүй чухал ажил шүү дээ.

-Тантай санал нэг байна. Нэгэн үе Монгол төрд бодлогын баримт бичгийн зуд нүүрлээд байсан. Бодлого нэртэй хоорондоо уялдаа холбоогүй баахан цаас үйлдвэрлэж хэрэгжүүлсэн ч юмгүй мартдаг байдал хэвшчихсэн, энэ нь эргээд төрийн нэр хүндэд, төсвийн хэмнэлт зөв зарцуулалтад хортой нөлөө үзүүлж байлаа. Ганцхан тоо хэлье.

Үндсэн хуулиас эхтэй хөгжлийн бодлогын энэ цогц эрх зүйн шинэчлэлийн үр дүнд 2017 оны байдлаар 634-т хүрээд байсан бодлогын баримт бичгүүдийг цэгцэлж, улсын хэмжээнд урт буюу 30 жилийн хугацааны-1 баримт бичиг; дунд буюу 10 жилийн хугацааны бодлогын-7 төрлийн зорилтот хөтөлбөр; 4 болон 5 жилийн төлөвлөлтийн – 2 баримт бичиг;  богино хугацааны буюу 1 жилийн төлөвлөлтийн баримт бичиг нь жилийн төлөвлөгөө, улсын төсөв гэсэн -2 баримт бичиг гээд 5 шатлалын нийт 12 бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй байх тогтолцоог Хөгжлийн бодлогын хуулиар бүрдүүлсэн.

Энэ нь “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримтлах нөхцөлийг бүрдүүлсэн шинэчлэл юм. Энэ шинэчлэлийг “Мордохын хазгай” болгохгүйн тулд Улсын Их Хурал, Засгийн газар хаа хаанаа тун хянуур ажиллах хэрэгцээ байна. Жилийн төлөвлөгөөгөө анхнаас нь чамбай боловсруулж, ус шүүсийг нь шахаж баталсан цагт хөгжлийн бодлого бүрэн дүүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

-Жилийн төлөвлөгөө маань тухайн жилийн төсвийн суурь нь болно гэж та яриад байсан. Тэгэхээр төлөвлөгөөний нөгөө тал болох төсвийн хэлэлцүүлэг ч нэлээд хариуцлагатай өрнөх шаардлага гарч ирэх нь дээ.

-Тэгэлгүй яахав. Улсын Их Хурал “улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн хэсгийн концепц нь юу вэ гэвэл дээр хэлсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны богино хугацааны хөгжлийн төлөвлөлтийн бодлого болох “Монгол Улсын 22 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Улсын Их Хурал тал бүрээс нь хэлэлцээд батлаад өгье. Энэ бол Улсын Их Хурлаас Засгийн газрыг хэрэгжүүл гээд баталж байгаа богино хугацааны хөгжлийн бодлого.

Энэ хөгжлийн бодлогыг тухайн жилд хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар тэр дундаа Сангийн яам мэргэжлийн хэрэгжүүлэгч болохын хувьд нэгдсэн төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталж өгсөн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төсөв зохиож УИХ-д өргөн мэдүүл. Ингэж өргөн мэдүүлсэн төсвийн төслийг УИХ хэлэлцэхдээ харьцангуй мэргэшсэн гэж үзэж байгаа Засгийн газраас боловсруулсан төсвийн орлого, зарлагын бүтцийг дотор нь гүйлгэх замаар өөрчилж болно, харин хөгжлийн төсөв байх бодлогыг нь алдагдуулж зарлагын төрөл шинээр нэмэх замаар төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг Үндсэн хуулиар хориглосон.

Ийм л өөр хоорондоо уялдаа холбоотой, үзэл баримтлалын болон зарчмын ийм том өөрчлөлтийг амилуулж, улс төрийн болон төрийн албанд дадал, хэвшил болгож хэрэгжүүлэх гэж 2 жилийн турш зорьж ажиллаж байна. Одоо Улсын Их Хурал энэ ажил зөв явж байна уу, хэрэгжүүлэх ёстой субьектүүд зохих ёсоор хэрэгжүүлж байна уу гэдгийг, яаж уялдаатай, үр дүнтэй хянах вэ гэдэгт хуулийн төсөл санаачлаад, боловсруулаад ажиллаж байна.

-Улсын Их Хурлын гишүүд жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх явцад Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандсан санал хэлж байх шиг ?

-Тийм. Энэ бол “Жилийн хөгжлийн төлөвлөгөө” гэж яг юу юм бэ, ямар баримт бичиг юм бэ, ямар ач холбогдолтой юм бэ гэдгээс болж үүсч байгаа асуудлууд. Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа санал, асууж байгаа асуулт, шүүмжлэлийг Засгийн газар, түүний холбогдох байгууллагууд сайтар анхаарч үзэж, түүний дагуу ажлаа сайжруулах ёстой. Түргэн түүхий, нүд хуурч ээлж өнгөрөөсөн юм оруулж ирэх нь улс орны эрх ашигт харшилсан үйлдэл болно.  Төлөвлөгөө гэж юу юм?

Маш товчхондоо бол тавьсан зорилго, зорилтоо биелүүлж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тодорхой цаг хугацаанд, хэн, ямар чанартай, хичнээн тооны ямар ажил хийж хэрэгжүүлэхээ нарийвчлан тодорхойлж, эрэмбэлж төлөвлөсөн баримт бичиг байдаг. Жирийн нэг байгууллагын төлөвлөгөө ярихад ч 5W1H гээд төлөвлөгөөний бүтэц, агуулгыг ярьдаг шүү дээ. Тэгвэл улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэж ямар онцлогтой, ямар баримт бичиг байх юм бэ? Энийг Засгийн газрын нөхдүүд бодох ёстой. Баталсан хуулийг уншиж ул суурьтай хандах учиртай.

Зүгээр дээгүүр дэвээд хийсээд байж таарахгүй.  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хуульд дурдагдсан нэр томъёоны тодорхойлолтууд гэж байдаг. Мөн уг хуулийн 6.10-д 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт тавих шаардлагыг маш тодорхой хуульчилсан.

Тухайлбал 6.10.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, … Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;” 6.10.2-т “санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх;” ёстой гэж мөн 6.10.3-т “улсын төсөв нь Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чигэсэн байх” гэж аливаа төлөвлөгөөнөөс ялгарах улсын хөгжлийн төлөвлөгөөнд тавих нэмэлт шаардлагыг тусгайлан заачихсан байгаа шүү дээ.

Үндсэн хууль болоод Хөгжлийн бодлогын хуулиар үүрэгжүүлсэн заалтуудыг хийдэлгүй хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тийм байхад элдэв шалтаг тайлбар эрж данхалзах эрх хэнбугайд ч байхгүй гэдгийг хэлэх байна.

-Хөгжлийн төлөвлөгөө гэхээр хүмүүс нөгөө л нэг хоосон тунхаг, хагас дутуу хэрэгждэг мөрөөдлийн жагсаалт гэж ойлгодог болчихсонд бидний өнгөрсөн түүх буруутай юу? Тэр алдааг дахин давтахгүй байхын тулд одоо тэгээд яах вэ ?

-Хөгжлийн төлөвлөгөө гэдэг нь зүгээр ерөнхийлөн томьёолсон, түүндээ төөрсөн хүслийн жагсаалт байх ёсгүй. Тэр 30, 10 жилээр тодорхойлсон зорилго, зорилт, хүрэх үр дүнгээ 5 болон 4 жилээр төлөвлөснийгөө тухайн жилийнхээ нөхцөл байдал, үндсэн үзүүлэлттэй уялдуулаад цогцоор нь хараад, ийм учраас, ийм эрэмбээр, яг энэ энэ зорилтыг энэ оны тэргүүлэх зорилт болгоод түүнд хүрэхийн тулд тэнд тэнд (салбар, байршил) энэ энэ ажлыг ийм цаг хугацааны шатлалтайгаар тэр хариуцаад хийе.

Энийг ийм санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж байгаа юм байна. Энэ нарийвчлан тодорхойлсон ажил буюу төсөл, арга хэмжээгээ яг төлөвлөсөн үр дүндээ хүрсэн эсэхийг нь ажил эхэлсэн суурь түвшин болон зорилтот түвшиндээ харьцуулаад тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр үнэлээд явъя гэсэн ийм цогц баримт бичиг байх ёстой юм. Энэ хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээг маш тодорхой, бодитой томьёолсон байх ёстой.

Бас маш зөв ангилж, эрэмбэлсэн байх ёстой. Хүрэх түвшингээ бодитой тавьсан байх ёстой. Түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлтээ зөв томьёолсон байх ёстой. Ингэж байж хөгжлийн төлөвлөгөө болно. Ингэж байж төсвийн суурь болох шаардлагаа хангаж чадна. Үүнийг, эхний ажлаа бид нийлж хичээж байгаад зөв эхлээд, алхмаа зөв тавьчихвал дараа дараагийн ажил нь өмнөхөө жишиглээд зөв гольдролдоо ороод явах ёстой ийм л ажил байгаа юм.

Илүү хурдтай, илүү бодлоготой, бодлого зорилтоо хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, тэрхүү төлөвлөгөөн дээрээ түшиглэж хөгжих нь бидний өнөө ба ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн шаардлага шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ