С.Бямбацогт: Хуульч хүний бурхан бол Үндсэн хууль
2021.04.15
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хуульч хүний бурхан бол Үндсэн хууль

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн болон Шүүхийн Сахилгын Хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах хараат бус ажлын хэсгийн гишүүний баталгааг гардууллаа. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн болон Шүүхийн Сахилгын Хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах хараат бус ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хуулиндаа тангараг өргөлөө.

Ингэснээр өргөсөн тангарагтаа үнэнч байж, гагцхүү хууль, шударга ёсыг баримтлан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар сонгон шалгаруулалтыг ил тод, чин шударгаар зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглалаа.

ХЗБХ-ны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн их, дээд сургууль болон сургалт, судалгааны байгууллага гэсэн олон талын төлөөлөл багтсан тул хуулийн засаглалын суурь үндэс болсон энэхүү сонгон шалгаруулалт шударга ёс, шударга шүүхээр цангасан нийгмийн эрэлтэд нийцсэн зөв шийдвэр гаргах юм. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Хэн нэгэнд бус гагцхүү хуульд захирагддаг шүүгчийг шилж олох нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн, харин хууль зөрчсөн хударгагүй шүүгчид хатуу хариуцлага оногдуулах нь Шүүхийн Сахилгын Хорооны чиг үүрэг байх болно.
Алганд багтсан Монгол улс хэмээгддэг Үндсэн хуулийнхаа үзэл санааны амин сүнс болсон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд шүүх эрх мэдлийн эрх зүй, тогтолцооны энэхүү шинэтгэл шийдвэрлэх үүрэгтэй.
ХУУЛЬ, ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ МАНДАН БАДРАГ

ШИНЭ МЭДЭЭ