С.Бямбацогт: Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно
2021.04.09
Эрчим хүч

С.Бямбацогт: Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно

Эх сурвалж: Өдрийн сонин  Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ 

ХАГАС ЗУУН ЖИЛ ЯРИГДСАН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИГДАХ ЦАГ НЬ БОЛСОН 

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Баруун гурван аймаг болох увсбаян-ӨлгийХовд аймгийн нутаг дэвсгэрт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС  ын ажил тун удахгүй эхлэх гэж байнаашиглалтад орсноор ямар давуу талууд үүсэх вэ?

-Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Улс орны бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар. Тийм ч учраас АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж ашиглалтад оруулна гэж тов тодорхой заасан. Гэнэт сэрсэн юм шиг өчигдөр яриад өнөөдөр шийдчихэж байгаа асуудал биш шүү дээ. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биеллээ олох гэж байна.

Энэ УЦС баригдсанаар ямар давуу талууд бий болох вэ гэдэг дээр би хэдэн зүйл хэлье. Юун түрүүнд Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ. Өнөөдөр баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээ 253.3 сая кВт.ц байна. Энэ хэрэглээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй цаашид тус бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Би танд хэдэн тоо хэлье. Баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж нээгдэнэ гэсэн үг. Манай улс ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөрт жил бүр 17.5 тэрбум төгрөг төлж байна.

Энэ бага мөнгө биш. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байна. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно. Хямд эрчим хүчтэй болж байж үйлдвэр хөгжүүлэх, үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярина шүү дээ. Шав тавиад л таг мартдаг гунигт түүхийг давтаж болохгүй.

Тийм ч учраас Монголын төр ядаж шатахууныхаа 50 хувийг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх, нүүрсээ төмөр замаар тээвэрлэх, импортын эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрах том бодлого дэвшүүлээд, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зүтгэж байна. Нийт иргэн, улсын ашиг сонирхолд нийцсэн ийм төслүүдийг дотор нь үймүүлж гацаах гадны сонирхол байдаг нь нууц биш. Байнга өөрсдөөсөө хараат байлгах гэсэн тэдний хавханд хэдий болтол хавчуулагдах вэ гэдгээ монгол хүн л юм бол бодох хэрэгтэй. Дотоодын хямд эрчим хүчний эх үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй, харин харийнханд бол ашиггүй.

-Импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна гэж ойлголоо?

-Өнөөдөр Монгол Улс нүүрс, зэс, төмрийн хүдэр, жаахан ноолуураа гадагш нь зарж л мөнгө олж байна. Олсон жаахан валютаа буцаагаад импортын түлш шатахуун, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өгдөг нь бас үнэн. Гэтэл бид эрчим хүч импортлогч биш бүр экспортлогч болох боломж байна шүү дээ. Өнгөрөгч долоо хоногт Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх УИХ-д танилцуулсан.

Тэр танилцуулгаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар жил бүр долоогоос найман хувь өсч байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний онцлогт тохирсон томоохон чадлын эх үүсвэрийг богино хугацаанд барьж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хэрэглээний өсөлтийг хангах явдал гэдгийг салбарын сайд онцолж байна лээ. Хэрэглээ ингэж жил бүр өсөөд байхад гадна дотны явуулгад автаж эх үүсвэрээ барихгүй ангайгаад байвал улсаараа ч гал алдаж мэднэ. 1990-ээд оны шилжилтийн жилүүдэд тогтой аймаг бараг байгаагүй. Улаанбаатарт хүртэл байнга цахилгаан тасардаг байсан үе бий. Эрчим хүчний салбараа дахин тэгж хэвтэрт оруулж болохгүй биз дээ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хэлсэн анхны үгэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг залгамжлан үргэлжлүүлж Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгаан станцын ажлыг эхлүүлэх болно гэж хэлсэн нь ч ийм учиртай. Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын УЦС баригдсанаар баруун бүс импортоор эрчим хүч авдаг байдал эцэс болно. Өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа. Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна. Юун түрүүнд хямд тогтой болно. Үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ тал хувиар нь баруун бүсээ бүрэн хангаад илүү гарсныг нь төвийн бүсэд нийлүүлнэ гэсэн үг.

-Ерөнхий сайдад та үүнтэй холбоотой ямар асуулга тавьсан бэАсуулгын хариу нь ирсэн үү?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны яг хэддүгээр сард эхлүүлж, хэдэн он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж асуулга тавьсан. Асуулгадаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулахыг хүссэн байгаа.

Мөн нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар хэрхэн анхаарч байгааг тодруулсан. Одоогоор асуулгын хариу маань хараахан ирээгүй байна. Хариу ирэхээр хуульд заасны дагуу асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулдаг учраас тэр үед иргэд маань илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно гэдэгт итгэж байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үг бий. Мэдээлэлгүй учраас өдөөн турхирсан, тодорхой санаа зорилготой худал мэдээлэлд автах нь элбэг. Тийм учраас Эрдэнэбүрэнтэй холбоотой бүх асуудлыг ил тод, тодорхой байлга гэдгийг албаны хүмүүст би байнга хэлдэг.

-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Засгийн газар, Эрчим хүчний яам төслийн бэлтгэл ажлыг хангаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа. Уг нь гүйцэтгэгчийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тодруулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар сунгасан байна лээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг. Үүний 95 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр, таван хувийг улсын төсвөөс санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

-Баруун гурван аймгийг цахилгаанаар хангах Эрдэнэбүрэнгийн УЦС барих газрыг 2019 онд Улсын тусгай хэрэгцээнд авсанИргэдийн эсэргүүцэл гарч эхэлсэн байна лээҮүнд хариулт өгөх үү?

-Үндсэн хуульд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч” гэсэн тов тодорхой заалт бий. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах газрыг одоогоос хоёр жилийн өмнө Засгийн газар улсын тусгай хэрэгцээнд авсан. Өөрөөр хэлбэл, тэнд иргэдэд өмчлүүлсэн газар байхгүй. Ер нь та нэг юмыг ажигласан уу. Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС-ын төсөл олон жил яригдсан. Яг барих гэхээр заавал нэг саад тотгор учирдаг.

Бүр улаан цагаандаа гарч улдан чангаадаг. Ингэхдээ жинхэнэ эзэд нь мэдээж ил гарч ирэхгүй. Монголын улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн. Тэр байдал давтагдаж байгаа юм биш байгаа гэсэн хардалт байна. Анх Говь-Алтайн Тайширын УЦС баригдахад бас л Завхан гол загас хоёр үгүй болох нь гэж муушааж байв. Одоо газрын зурагт тэмдэглэгдсэн Гэгээ нэртэй том нуур, дүүрэн загас л байна. Нөгөө амиа тавин эсэргүүцээд байсан хүмүүс таг чиг. Завхан гол, харин ч гантай жил тасалддаг байснаа больсон.

Өнөөдөр Алтай хот цэвэр усныхаа хангамжийг тэр нуураас шугам татаж шийдэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28000 га газрын 9000 га-д нь усан сан байгуулагдана гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Тэрхүү нөлөөллийн бүсэд бэлчээр нутаг нь хамрагдаж байгаа 528 өрх байгаа юм билээ. Төр бүх айл өрхийн амьжиргааг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгоно гэдгийг Засгийн газар удаа дараа мэдэгдсэн. Би ч тэр ажлаа хийдэл дутагдалгүй сайн зохион байгуулаарай гэдгийг байнга хэлж сануулж байгаа.

Дээр нь бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байраар хангах асуудалд эн тэргүүнд анхаарах учиртай. Цаашид УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө анхаарах ёстой.

-Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байнаЭрдэнэбүрэн ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах юм бэ?

-Дөргөний УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 12 мВт шүү дээ. 2008 онд анх намайг гишүүн болж байхад намарнь аравдугаар сард дуусч, ашиглалтад орж байсан санагдана. Тэр үед нэг аймгийн эрчим хүчний хэрэглээ ихдээ л 6 мВт байсан. Тийм учраас тухайн үед баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг хангана гэж тооцож байсан байх. Гэтэл эрчим хүчний хэрэглээ байнга нэг хэмжээндээ байдаг зүйл биш. Байнга л өсөн нэмэгдэж байна. Түрүүн би хэлсэн.

Жилд эрчим хүчний хэрэглээ дунджаар найман хувиар өсч байна аа гэж. Тэгэхээр тухайн үеийнхээс хэрэглээ хоёр дахин нэмэгдчихээд байхад 13 жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулж таарахгүй биз. Зүгээр нэг айлын цахилгааны хэрэглээн дээр тооцоход хүртэл эрс өөрчлөлт гарсан байна. Дээхнэ үед айл болгон хөргөгч, зурагттай байсангүй. Хүн болгон гар утас хэрэглэж байгаагүй шүү дээ. Дээр нь хүн ам, айл өрх, үйлдвэр аж ахуйн нэгжийн тоо өссөөр л байна. 1916 онд Нийслэл хүрээнд 20кВт орчим чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж байсан гэдэг. Тэр үед хүрээг хангаж байсан цахилгаан үүсгүүр өнөөдөр яахаараа хангаж чаддаггүй юм гэж яривал ямар тэнэг яриа болох вэ.

Тэгэхээр аливааг өчигдрөөр биш өнөөдрөөр, болж өгвөл бүр ирээдүйгээ харж төсөөлж ярьж байж л урагшаа ахина. Түүнээс биш хуруугаа ч хөдөлгөхгүй байж зэс хошуулаад гадна дотны бохир явуулгын гар хөл болоод байж болохгүй л дээ. Хэд хоногийн өмнөх хүчтэй шуурганаар Оросод, мөн хилийн наана 10 км-т өндөр хүчдэлийн шугам унахад өнөөх муулаад байгаа Дөргөний УЦС л дахиад аминд орсон.

Хүнд өвчтэй хүн яаралтай хагалгаанд ороход, жирэмсэн эх төрөхийн хүндрэл болоход, байгалийн гамшигт өртөгсдийг аврах ажиллагаа зохион байгуулахад Дөргөний УЦС-ын үйлдвэрлэсэн тог л аминд орлоо. Хоёр жилийн өмнө идэр есийн хүйтэнд мөн ийм гамшиг болоход баруун гурван аймаг Дөргөний УЦС-ын хүчинд л хөлдчихөөгүй онд орсныг сануулахад илүүдэхгүй байх. Үүрд Орос Хятадаас тог авч байх юм шиг, тэд бидэнд дандаа сайхан загнаж байх юм шиг бодох нь гэнэн хэрэг.

-УЦС барих газар гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байгааТүүний 90 гаруй хувийг Баян-Өлгий болон Увс аймгийн газар нутаг эзэлж байгаа юм билээХовд аймгаас хэчнээн хэмжээний газар хамрагдаад байгаа вэ?

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийн багахан хэсэг хамрагдаж байгаа нь үнэн. УЦС гэдэг зөвхөн цахилгаан үйлдвэрлэх асуудал биш л дээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Манайх шиг усны нөөц хомс улс усаа нөөцлөх нь маш чухал асуудал гэдгийг хүмүүс нэг л сайн ойлгохгүй байх шиг байна. Дэлхийн дулаарал манай орны уур амьсгалд ямар хүчтэй нөлөөлж байгааг хүн бүхэн л мэдэж байгаа. Баянхонгор аймаг бараг тэр чигээрээ цөлжчихлөө. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр нэрвэгдээд байна. Мөнх цаст уулсын цас мөс хайлж багасаж байна.

Тэгвэл хиймэл нуур үүсгэх нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндсэн зориулалтаасаа гадна гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтвортой барих, цөлжилтийн эсрэг чийгшил бий болгох олон талын ач холбогдлыг хүмүүс ухаж ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төр засаг, эрдэмтэн судлаачид маань ч иргэд олон нийтэд энэ талаар ойлголт мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллаж байгаа нь үнэн. Ер нь Ховд гол бол эх оронч гол. Монголчууд бидэнд бурхнаас өгсөн асар том бэлэг. Энэ бэлгээ бид эрчим хүч болгож ашиглах цаг болсон. Цэвэр усны том усан сан үүсгэж ирээдүй хойчдоо үлдээх цэвэр усаа нөөцлөх хэрэгтэй.

Хойд урд хил давангуут л өчнөөн УЦС ажиллаж байгааг биеэр нь явуулж харуулдаггүй юм аа гэхэд телевиз сайтаар дамжуулаад үзүүлмээр байна. XXI зуун гараад 20 гаруй жил болж байхад хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг явцуу богино сэтгэж, болж бүтэх бүхнийг боомилж чөдөрлөдгөө одоо болих хэрэгтэй. Монгол Улс бол холбооны улс биш нэгдсэн улс. Баян-Өлгий, Увс, Ховд гээд улс дотор тусдаа улс шиг байж таарахгүй.биз дээ.

Төр мэдэх юмаа мэдэж, шийдэх юмаа шийдэж, ингэхдээ иргэдийнхээ олонхын эрх ашигт нийцүүлж, цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж голтой, нуруутай бодлогын том төслүүдээ заавал хэрэгжүүлдэг байх нь эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцнэ. Бид нэг Монгол. Монгол гэдэг нэг л эх оронтой гэдгээ буйд бөглүү хөдөөгийн багт амьдарч байгаа малчин хүн ч, төрийн жолоо атгаж байгаа эрхмүүд ч мартах эрхгүй.

ШИНЭ МЭДЭЭ