Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
2021.03.30
Хүний эрх

Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаан 14 цаг 15 минутад 13 гишүүний ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.

    Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 77 дугаар зүйлийн 77.1.6 дахь хэсэгт “Байнгын хороо сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулна” гэж, мөн хуулийн 77.2 дахь хэсэгт “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэж заасан байдаг.

    Түүнчлэн дээр дурдсанааар хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөлөл ажлын хэсэгт орох ёстой бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.2 дахь хэсэгт хууль зүйн сургалт, сурталчилгааны байгууллагын төлөөлөл нь Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их дээд сургуулийн төлөөлөл нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон төрийн өмчийн бус хууль зүйн сургуулийн төлөөлөл байхаар заасан.

    Үүний хүрээнд Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 13/1886 тоот албан бичгээр дээр дурдсан байгууллагуудад ажлын хэсэгт нэр ирүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд төрийн өмчийн бус хууль зүйн сургуулийн төлөөллийг шалгаруулахын тулд нийтэд нээлттэй зарласан байна. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу магадлан итгэмжлэгдсэн, эрх зүйн бакалавр, магистрийн хөтөлбөрийг сүүлийн таваас доошгүй жил хэрэгжүүлсэн туршлагатай, хууль зүйн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн бус их, дээд сургуулийн төлөөллийг ажлын хэсэгт нэрээ дэвшүүлэхийг хүссэн зарыг www.parliament.mn цахим хуудсаар болон өдөр тутмын сонинууд, цахим хуудсуудад байршуулсан бөгөөд “Шихихутуг” их сургуулиас өөр бусад сургууль материал ирүүлээгүй байна.

   Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг томилжээ. 

    Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу ажлын хэсэгт санал ирүүлсэн байгууллагын төлөөллийг багтаан Ажлын хэсгийн тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга танилцууллаа.   

    “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.6-д “Энэ журмын 6.5-д заасны дагуу Ажлын хэсгийн гишүүнд санал болгосон төлөөллийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж тогтоол гаргана. Ажлын хэсгийн гишүүнд санал болгосон хүн нь энэ журмын 6.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын 2 өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу ажлын хэсгийн гишүүнд санал болгосон төлөөллийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэхээр боллоо. Ингээд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарыг санал болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Санал болгож буй төлөөлөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Ш.Раднаасэд гишүүний гаргасан “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 гишүүн энэхүү горимын саналыг дэмжсэн тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ