УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
"Оюутолгойн хөрөнгө оруулатыг сайжруулах, монголын талд үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр бид олон жил ярьж байгаа. Тодорхой алхам хийгдэхгүй байж байгаад 92 дугаар тогтоол гарсан. Хэрэгжилт удаашралтай. Лондонгийн арбитрын шүүх дээр томоохон маргаан үүсээд явж байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдүүлэхэд Засгийн газарт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Цаашид УИХ-ын бүтцэд Түр хороо байгуулж ажлаа эрчимжүүлж ажиллахаар болж байна.
Холбогдох байгууллагуудаа мэдээлэл авч байгаа. харамсалтай нь ирж байгаа мэдээлэл хангалтгүй байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой хууль шүүх дээр явж байгаа маргаан, асуудал байгаа эсэх, аль нь үнэн худлын талаар бодит мэдээлэл авах гээд олон байгууллагад хандсан. Харамсалтай нь мэдээлэл их дутуу ирж байгаа. Нэгэнт л Монгол Улсын төлөө юм бол нэг сэтгэлээр ажилламаар байна. Холбогдох байгууллагад хандсан. Үүний дагуу хангалттай мэдээлэл ирүүлээрэй.
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар нэр бүхий гишүүд асуулга тавьсан. Асуулгын хариуг ойрын үед УИХ-ын чуулган дээр сонсоно. Ингэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр мэдээллээ сайн бэлдэж, гишүүд ч идэвхтэй оролцож ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ."