Шүүхийн тухай хууль ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ
2021.02.24
Хууль, эрх зүй

Шүүхийн тухай хууль ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдлаа.

Хурлаар чуулганы завсарлагааны хугацаан дахь Байнгын хороод, Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарах асуудал, чиглэлийн талаар санал солилцов.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд Ажлын хэсгийн хүрээнд 7 Дэд ажлын хэсэг байгуулж, нарийн бичгийн дарга нарыг томилон ажиллуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын намрын чуулганаар баталсан Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах талаарх асуудлаар санал солилцлоо. Уг хууль ирэх гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх билээ. Тиймээс хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ямар асуудалд анхаарах талаар судалгаа дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах, эсэх асуудлыг шийдье гэдгээ тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт илэрхийллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Байнгын хороог ойрын үед буюу энэ долоо хоногт багтаан хуралдуулах шаардлагатай байгаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайланг сонсох, хаврын тариалалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг тэрбээр онцлов.

Энэ жилийн хувьд улаан буудайн үр дутагдалтай, хүнсний ногооны үрийг бэлтгэх, хангах асуудлыг ч анхаарах нь чухал байгаа тул гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулганыг хүлээлгүй, наана нь асуудлаа ярилцах зайлшгүй шаардлага үүсэж байгааг тэрбээр тэмдэглэлээ.   

ШИНЭ МЭДЭЭ