http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

С.Бямбацогт: Засгийн газар огцорсноор засаглалын хямрал болох гэж буй мэт ярьж, ойлгох нь буруу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Засгийн газрын кабинет, 200.000 төрийн албан хаагчийн өмнөөс хариуцлага хүлээе гэж саналаа УИХ-аар хэлэлцүүлж байна. Ерөнхий сайд огцорсноор алга болчих гэж байгаа юм шиг яриад байна. Сая хэллээ шударга ёсны тэмцэлээ үргэлжлүүлнэ, ард түмний өмнө авсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана, төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагадаа гишүүнийхээ ажлыг нэр төртэй хийгээд ажиллана гэж тодорхой хэлээд байна. Үүнийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Зугтаад байгаа ч юм шиг, жудаггүй байгаа ч юм шиг мушгиж битгий ярь.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаглалын эрх мэдлийг оновчтой болгох, хяналт тэмцэл, хариуцлагыг төрд бий болгор, нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон амлалтыг авч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх засаглал эрх мэдэлтэй болсон. Хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох байгууллага шиг болсон. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг болох гэж байгаа. Энд гацаа тээг үүсгээд, үүнээс болоод яагаад асуудал үүсээд байгаа юм бэ?

20 жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Урьд нь үе үеийн ЗГ огцордог байсан. Өнөөдөр Засаг огцорсноор засаглалын хямрал болох гээд байна гэж яриад гээд байх шиг байна. Төрийн эрх дээд байгууллага ажлаа хийдгээрээ хийгээд явна. МАН-аас дахиад ЗГ байгуулагдаад үйл ажиллагаа явуулна. Ард түмнийхээ өмнө авсан амлалтаа биелүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дахиж хийх ажлууд байна. Засаглалын хямрал бий болгодог. Улстөржүүлдэг. Үүнээс болж эдийн засаг, ард иргэд нь хямардаг. 

Зориуд ийм зохион байгуулалттай үймээн самуун үүсгэж, ард иргэдийг саяны ярьж байгаа 7-р сарын 1-ны байдал руу яах гэж турхирах гээд байгаа юм бэ? Хийх хийх ажлаа тал талдаа хийгээд явъя. Үүний төлөө бүгдээрээ хамтарч ажилламаар байна. УИХ-ыг тараая, засаглалын хямрал бий боллоо гэх мэт байдал руу ард түмнийг уриалж дуудах аа больё. Төр хийдэг ажлаа хийгээд явна. Аль болох ард иргэдээ амгалан тайван байлгах. Яаж Монголчууд бүгдээрээ хожиж, яаж тогтвортой байх вэ гэдгийг бодож ажилламаар байна. Ялангуяа их хурлын гишүүд хэлж байгаа үгэндээ хариуцлагатай баймаар байна. Ерөнхий сайд үгээ тодорхой хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ сонссон, ойлгосон байх.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултанд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ