С.Бямбацогт: Хөшөөтийн уурхай хүндрэл, бэрхшээл биш боломж дагуулах ёстой
2021.01.14
Уул уурхай, Ашигт малтмал

С.Бямбацогт: Хөшөөтийн уурхай хүндрэл, бэрхшээл биш боломж дагуулах ёстой

Ховд аймгийн "саалийн үнээ" гэгдэх Хөшөөтийн уурхай нь өнгөрсөн 2019 онд 1.3 сая орчим тонн нүүрс экспортолсон. Харин 2020 онд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 800 мянга орчим тонн нүүрсийг экспортлосон дүн мэдээтэй байна. Энэ уурхайг дагасан тулгамдсан асуудал бэрхшээлүүд багагүй гардаг.

Мөн 2021-2024 онд Ховд аймгийн удирдлагууд Хөшөөтийн уурхайн үйл ажиллагааг хариуцан ажилладаг МоЭнКо компанитай хэрхэн хамтарч ажиллах талаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа "ХӨШӨӨТИЙН УУРХАЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ БИШ ХӨГЖИЛ ДАГУУЛАХ ЁСТОЙ" гэсэн гарчигийн дор өөрийн саналаа бичжээ.

Хөшөөтийн уурхайн асуудлаар миний баримталдаг зарчим тодорхой. МоЭнКо компаниас гарч буй зардал бүхэн Ховдчуудад орлого болж очих ёстой. 

Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийг хятадууд биш зөвхөн Ховдын тээвэрчид хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Хөшөөтийн худалдан авалт, туслан гүйцэтгэх ажилд Ховдын ААН, иргэд оролцох нь зүйтэй гэж үздэг. Энэ ч үүднээс асуудалд хандаж Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа үүний төлөө тэмцэж, зүтгэж, үр дүнд хүрч байсан. 

Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 21 хүнтэй ажлын хэсэг ч энэ л зарчмыг баримтлах учиртай. 

  • 1-рт Шинээр байгуулах гэрээнд компани хоорондын үл ойлголцлоос болж жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд үүссэн хүндрэлийг эн түрүүнд шийдэх асуудлыг тусгах ; 
  • 2-рт Гэрээнд талуудын эрх ашгийг бүрэн тусгаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эрх тэгш байдлыг бүрэн хангах ;

МоЭнКо компанитай байгуулах шинэ гэрээний амин сүнс нь энэ. Шинэ гэрээ байгуулах ажлын хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл орсон нь маш зөв. 

Далд байгаа бүхэн хардлага сэрдлэг дагуулдаг. Цаашлаад Хөшөөт хөгжил сангийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалт бүгд иргэдэд ил тод байхад аймаг, орон нутаг анхаарах нь чухал. Хөшөөтөд Ховдын хэдэн компани бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж, тэдгээрт хэдэн хүн ажиллаж, хэдий хэмжээний цалин хөлс авч байгаа, орон нутагт хэдий хэмжээний татвар төлдөг гээд бүх мэдээллийг ил болгох нь зөв. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал Хөшөөт дээр жинхэнэ утгаараа хэрэгжиж байж харилцан ашигтай хамтын ажиллагаа төлөвшинө гэдгийг С.Бямбацогт гишүүн онцолжээ.

Тэрээр баруун аймгийн иргэдийн хөгжлийн бодлогын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж ажилладаг. Тухайлбал баруун аймгийг эрчим хүчээр тасралтгүй хангаж, импортын эрчим хүчнээс хараат бус байлгахад сэргээгдэх эрчим хүчний буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал үүрэгтэй талаар онцолдог нэгэн юм.

ШИНЭ МЭДЭЭ