МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.01.14
Улстөр

Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 14 минутад эхэллээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар ажиллаж, хоёр удаа хуралджээ. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол дахь хууль тогтоомжийн жагсаалт бүрэн туссан эсэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, зорилгуудыг туссан эсэхийг нягталсан болохыг танилцуулгадаа дурдав.

Ингээд 11 хууль тогтоомжийг төсөлд нэмж тусгах, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах, 29 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөх саналыг боловсруулжээ.

Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, давхардсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах бодлогын баримт бичгийн төрөлд нийцээгүй 14 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мөн Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлэхээр тусгасан ч тухайн ондоо өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөн, 2021 он болгосон байна.

Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус тус танилцуулсан юм.

Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 27 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

ШИНЭ МЭДЭЭ