ХЗБХ-ны Ажлын хэсэг Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
2021.01.14
Улстөр

ХЗБХ-ны Ажлын хэсэг Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 14 минутад эхэллээ.

Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.26-д бэлгийн дарамт учруулах гэсэн зүйлийг нэмж оруулах саналтай байгаа гэв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцаанд оролцогч аль нэг тал нөгөө талдаа бэлгийн харилцаанд орохыг тулгах, энэ сэдлээ ямар нэг хэлбэрээр илэрхийлэх, давуу байдал бий болгох нөхцөл тавьж дарамт учруулахыг хориглох зохицуулалт тусгасан бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагын зохицуулалтыг Зөрлийн тухай болон Эрүүгийн хуульд заалт болгон тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тодруулбал, ажил албаны хамааралтай этгээдэд бэлгийн харилцааны шинжтэй үйлдлээ үгээр, биеэр, цахим болон бусад хэлбэрээр илэрхийлж, эсхүл хууль бус давуу байдал бий болгож дарамт учруулсан бол хүнийг 1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад суулгах, 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг Зөрчлийн тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн тохиолдолд оногдуулах хариуцлагын зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчлэн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, хувийн бичиг баримтын эх хувийг шаардан авч барьцаалсан албан тушаалтан, аж ахуйн нэгжид торгууль оногдуулах, Үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг зөрчсөн тохиолдолд, ажил хаялтад оролцох эрхийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хамтын хэлэлцээ хийх явцад хөндлөнгөөс оролцох, эсхүл саад учруулсан бол торгууль оногдуулах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн 24 заалт бүхий төслийг боловсруулжээ. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд томьёоллын хувьд өөрчлөгдөж байгаа ч торгуулийн хэмжээ хэвээрээ байгаа гэдгийг тэрбээр дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажил олгогчдод ихээхэн хүндрэл учруулахуйц зохицуулалтууд туссан байгааг зарим гишүүн шүүмжлээд, ажлын хэсэг дээр нягталж ярилцах саналыг хэлж байв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг анхаарах шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хэлж, санал хэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, мөн ажил, хөдөлмөр эрхлэгчийг ч ингэж ялгаварлахгүйгээр хууль тэгш үйлчилдэг байх зарчмыг баримталсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарласан.

Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тохиолдолд албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх Эрүүгийн хууль дахь хоёр заалт, мөн Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар л хариуцлага тооцдог гэдгийг тодруулсан юм. Хөдөлмөрийн тухай хууль нь бүх талын оролцоог хангаж, нийгмийн зөвшилцлийн дүнд боловсруулж, баталдаг онцлогтой гэдгийг тэрбээр тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгыг хийсний дараа төслийг нягтлан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ