МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ: Улсын хэмжээнд ААН, байгууллагын 248.3 тэрбум төгрөг, айл өрхийн 228.8 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцна
2020.12.25
Эрчим хүч

УИХ: Улсын хэмжээнд ААН, байгууллагын 248.3 тэрбум төгрөг, айл өрхийн 228.8 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан билээ. 


 

УИХ-ын чуулганы Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх асуулгын хариултыг уншиж танилцууллаа. 

Салбарын сайд мэдээлэлдээ,

Монгол Улсын эрчим хүчний системийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн оргил ачааллыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний систем хэмжээнд ачаалал 5.5-10.9 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, Төвийн бүсийн эрчим хүчний системд оргил ачаалал 2019 оны 12 дугаар сарын ачаалалтай харьцуулахад дунджаар 3-7 хувийн өсөлттэй байсан бол Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 15-21 хувиар өссөн, хэрэглээний өсөлт Улаанбаатар хотын орчимд эрс нэмэгдсэн бөгөөд гэр хорооллын хэрэглээ 14-58 хувиар өссөн байна. Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалал Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 5.9-9.3, Дорнод бүсийн эрчим хүчний систмийн оргил ачаалал 5.5-6.0, Баруун бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2019 онтой харьцуулахад дунджаар 3.8 хувийн өсөлттэй байсан бол Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 10.9-19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, хураамжийг 2021 оны 07 дугаар сапын 01-ний өдрийг хүртэл төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг боловсруулж, Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар тушаалаар баталсан.

Уг журмаар цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамжийн эх үүсвэр болон шугам сүлжээний техникийн хүчин чадлын боломжтой уялдуулан хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээг хянаж зохицуулах, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчдийн хүлээх эрх, үүргийн зохицуулалтыг тодорхой болгосон. Мөн хэрэглээ, хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолд зааснаар нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цэвэр ашгаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ыг Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалаар баталж, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамжийн хэрэглээний төлбөр тооцооны гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах, санхүүжүүлэх зохицуулалтыг тодорхойлсон гэдгийг салбарын сайд тодотголоо.

Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ын дөрөвдүгээр бүлэгт хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн.

Энэ журмаар айл өрх болон зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцах ба өмнөх оны хэрэглээнээс хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар тооцож, хэрэглэгч өөрөө төлөхөөр зохицуулсан.

Харин шинэ хэрэглэгчийн хувьд төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцох бөгөөд дундаж хэрэглээнээс илүү гарсан төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцна гэдгийг сайд хэллээ.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний 738 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 347 мянган хэрэглэгч байгаагаас цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд нийслэл хотод 25 мянган аж ахуйн нэгж, 381 мянган айл өрх, орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж, 297 мянган айл өрх буюу нийт 729 мянган хэрэглэгч хамрагдах ба тэдний төлбөрт урьдчилсан дүнгээр 477.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах ба улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын 248.3 тэрбум төгрөг, айл өрхийн 228.8 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцах тооцоо гаргасан байна.

Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх 1 сарын хугацаанд хэрэглэгчид дундаж хэрэглээгээр төлбөрийн чөлөөлөлт эдлэх юм байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрх 35-75 мянган төгрөгийн цахилгааны; нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 80-160 мянган төгрөгийн цахилгаан болон дулааны; жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 1-5 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны төрлөөс хамааран 50-200 сая төгрөгийн цахилгаан болон дулааны хөнгөлөлт эдлэхээр байгаа аж.

Харин цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх 7 сарын хугацаанд дундаж хэрэглээгээр тооцоход гэр хорооллын айл өрх 240-530 мянган төгрөгийн цахилгааны; нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 560 мянгаас 1.1 сая төгрөгийн цахилгаан болон дулааны; жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 7-30 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны төрлөөс хамааран 500 саяас 1.4 тэрбум төгрөгийн цахилгаан болон дулааны хөнгөлөлт эдлэх тооцоо гарчээ.

Төвийн эрчим хүчний системд ОХУ-аас 2020 онд импортоор 316 сая кВт.ц цахилгаан эрчим хүч авах гэрээ байгуулсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд коронавируст цар тахал /КОВИД-19/-ын улмаас төлөвлөгдсөн хэмжээний өсөлт гараагүй, хэрэглээ буурсан тул дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүдээс хангах, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах зарчмыг баримталж ажилласан тул импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээ хүлээгдэж буй гүйцэтгэлээр 200 сая кВт.ц буюу 36.5 хувийн хэмнэлттэй гарч буйг сайд онцлов.

Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд ямар нэг нэмэлт болон илүү төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн импортолсон цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээний дагуу төлнө гэдгийг сайд нэмж тодотголоо.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Эрчим хүчний сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

ШИНЭ МЭДЭЭ