Латин Америкийн Колумб, Эквадор улсуудын алтны нийлүүлэлтийн сүлжээний туршлагатай танилцлаа
2018.06.04
Гадаад харилцаа

Латин Америкийн Колумб, Эквадор улсуудын алтны нийлүүлэлтийн сүлжээний туршлагатай танилцлаа

Монгол Улсын алтны худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах зорилготой УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын баг Колумб, Эквадор Улсуудад ажиллалаа.

Колумб, Эквадор хоёр Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нь хоорондоо харилцан адилгүй системтэй ба Монгол Улсын хувьд авч хэрэгжүүлэхүйц болон бусад оронд туршлагаа дэлгэрүүлэхүйц арга аргачлалууд байсныг онцлох нь зүйтэй.  

Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан байна.

Туршлага судлах ажлын баг Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Мөн төлөөлөгчид Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Колумб Улс нь жилд ойролцоогоор 60 тонн алт олборлодог бөгөөд алтны худалдааны чөлөөт системтэй буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлдгээрээ онцлогтой юм. Тухайлбал, дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь  Монгол Улсаас ялгаатай юм. Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог байна. Тус агентлаг нь алт олборлогч, худалдаалагчдын нэгдсэн цахим бүртгэлийн системийг ажиллуулснаар алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой алхам болсон байна.

Колумбын Улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд Карлос Канте төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ололт амжилт, алдаа оноо ч байна. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их бий. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрийн зүгээс нэлээдгүй арга хэмжээ авч байгаагийн нэг нь цахим бүртгэлийн платформыг ажиллуулж байгаа явдал юм. Цахим бүртгэлийн платформыг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой юм” гэлээ. Колумбын Улсын эрдэс баялгийн салбар нь 2021 онд гэхэд алтны гарал үүслийг бүх шатанд ил тод болгохоор ажиллаж байна. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хүчин төгөлдөр болж байгаатай холбоотой юм.   

Туршлага судлах аяллын багКолумбын албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий анхны хувийн алт цэвэршүүлэгч байгууллагуудын нэг Аллой компаниар зочлов. Энэхүү байгууллага нь алт цэвэршүүлэх, дотоодын зах зээлд нийлүүлэх чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай юм. Аллойнь дунд хэмжээний үйлдвэрлэл явуулдаг алт цэвэршүүлэх байгууламж бөгөөд жилд 10-12 тн алт цэвэршүүлэх хүчин чадалтай ба цэвэршүүлсэн алтаа дотоодын алт мөнгөн эдлэлийн зах зээлд зориулан худалдан борлуулдаг байна. Цэвэршүүлсэн алтны бүртгэлийг нарийн чанд хөтөлдөг дотоод хяналтын хатуу системтэй. Алтыг зөвхөн албан ёсны алт нийлүүлэгчдээс худалдан авдаг байна. Аллой компани нь Улсынхаа Худалдаа, аялал жуулчлалын яамтай нягт хамтран ажиллаж алт мөнгөн эдлэлийн кластерийн төсөлд оролцдог. Мөн Олон улсын Шударга олборлолтын сертификат бүхий алтыг цэвэршүүлэхэд бичил уурхайн байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Алт сорьцлох үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явагддаг нь Монгол Улсад мөрдөж байгаа аргачлалтай адил.  

Колумб Улсад алтны экспортыг хувийн хэвшлүүд гүйцэтгэдэг нь Монгол Улсаас ялгаатай онцлог юм. Уул уурхайн үндэсний агентлагийн цахим платформд бүртгэлтэй, Худалдаа, аялал жуулчлалын яамнаасаа зөвшөөрөл авсан 4-5 алтны худалдаа эрхлэгч компаниуд алт экспортлох үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн гааль тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг байна.  

Туршлага судлах аяллын баг Эквадор Улсын Төв банк, Уул уурхайн яам, геологийн судалгааны үндэсний хүрээлэн, техникийн их сургууль болон бичил уурхайн төвөөр зочиллоо.

Эквадор Улсын алтны худалдааны орчин нь Төв банк алтыг худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг хүлээдгээрээ Монгол Улстай төстэй юм. Харин 2002 оноос хойш хувийн хэвшлүүдэд орон нутагт алт худалдан авах зөвшөөрлийг Төв банкнаас олгосноороо онцлогтой. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй юм гэж тус улсын албаны төлөөлөл онцоллоо. Алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2018 оноос эхлэн бичил уурхайчдаас алтыг шууд худалдан авахаар ажиллаж байна. Мөн орон нутагт алт худалдан авах цэгүүдийг ажиллуулах төлөвлөгөөтэй. Уул уурхайн яам, агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож хаанаас олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг. Харин алтны сорьцлолт, цэвэршүүлэх явцад усан болон хуурай жингийн аргыг ашигладаг байна.  

Эквадор Улсын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх үүрэгтэй ажилладаг Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг. Уул уурхайн яамны харьяа Геологи, хайгуулын үндэсний хүрээлэн  нь тус улсын геологи, уул уурхай, металлургийн холбогдолтой мэдээллийг бүрдүүлэх, системчлэх болон зохицуулах үүрэгтэй. Геологийн судалгааны үндэсний хүрээлэн нь бичил уурхайн үйл ажиллагааг албажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бичил уурхай эрхлэгчид тус хүрээлэнгээс зохион байгуулдаг хөдөлмөр аюулгүй ажиллагаа, техникийн болон байгаль орчны сургалтуудад заавал хамрагдах ёстой бөгөөд одоогийн байдлаар нийт 5000 орчим иргэнийг сургаад байна.    

Эквадор улсын техникийн их сургуулийн харьяа  Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв нь уул уурхайн гол бүсийн нэг Лоха хотод байрладаг юм. Энэ төвийн зорилго нь орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж тэдний чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэдлэг түгээх замаар уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дээшлүүлэхэд оршдог. Тус сургуулиас мөнгөн усыг алт баяжуулах аргачлалаас халж өөр арга замыг иргэдэд зааж сургахад анхаарч ажиллаж байна. 

Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцлоо

ШИНЭ МЭДЭЭ