ХЗДХЯ, ОХУ-ын Дотоод хэргийн яамтай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев болон бусад төлөөлөгч нарын хамт
2016.12.07
Гадаад харилцаа

ХЗДХЯ, ОХУ-ын Дотоод хэргийн яамтай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцевтэй уулзав.

Манай хоёр орны Дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайд нар 15 жилийн дараа ийнхүү нүүр тулан уулзаж байна. Уулзалтын эхэнд С.Бямбацогт сайд  өнгөрөгч намар Улаанбаатар хотноо болсон хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанд ОХУ-ын талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулсанд талархал илэрхийллээ. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яам Монгол Улсын дотоод хэргийн салбарын албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх боломж олгож, өөрийн харьяа сургуулиудад бакалавр, магистр, адъюнктурт суралцуулж байгаа явдалд талархсанаа хэллээ.

Сайд С.Бямбацогт ОХУ-д суралцаж төгссөн олон албан хаагч хууль сахиулах салбарт  амжилттай ажиллаж буйг онцлон тэмдэглэсний хамт Монгол Улсын Хууль сахиулах их сургууль ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их дээд сургуулиудтай хамтран ажиллах сонирхолтой байгааг тодотгоод энэ хүрээнд зочин багш солилцох, хамтарсан магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх санал тавьсан юм.

ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев тус яамны эрхлэх асуудлын хүрээнд ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хамаардаг болсныг дуулгаад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хооронд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлттэй тэмцэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов.

Сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хоёр тал онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар ирэх 3 жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна. Энэхүү уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг  дагалдан яваа  төлөөлөгчид байлцав.

ШИНЭ МЭДЭЭ