С.Бямбацогт: Хамтарсан ЗГ энэ чигээрээ сонгуульд оролцох ёстой
2011.11.16

С.Бямбацогт: Хамтарсан ЗГ энэ чигээрээ сонгуульд оролцох ёстой

 
-УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ком­­панийн хувьцааг аж ахуйн нэгжид “Олгоно. Ол­гохгүй” гэдэг дээр санал зө­рөлдсөн. Таны хувьд “Ол­гох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн ч зарим гишүүд “Хувийн компанитай учраас хувьцаа олгохыг дэмжлээ” хэмээн шүүмжлүүлэх шиг боллоо?
-Би хувийн хэвшилд ажил­лаж байсан нь үнэн. Өөрийнхөө хүч, хөдөлмөрөөр босгож ирсэн компанитай. Надад  хэнээс ч царай ал­дахгүй, хэнээс ч гуйхгүйгээр амьдрах бололцоо бий. Гэхдээ зөвхөн өөрийнхөө төлөө энэ компанийг ажиллуулаагүй. Улсад татвар төлж байна. Монгол Улсад мянга, мянгаар тоологдох ажлын байр бий болгож байгаа. Илүү хараад, царайчлаад байх шаардлага алга. Миний олж байгаа орлого ил. Төлж байгаа татвар ч тодорхой. Миний хувьцааг нь эзэмшдэг компаниудад ажиллаж байгаа ажиллагсад хэдэн мянгаар тоологдох хүмүүсийн амьдралыг ну­руун дээрээ авч яваа.

Тийм болохоор миний хувьд Монгол Улсын  иргэн болж төрснийхөө үүргийг сайн биелүүлж яваа гэж ойлгодог.  УИХ-д ч гишүүнийхээ эрхээр далайлгаж илүү харж, билүү долоох гэж орж ирээгүй. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаан дээр зарим гишүүний хэлсэн шиг өөрийнхөө компанид “Эрдэнэс Тавантолгойн” хувьцаа эзэмшүүлэх гэж зүтгээд байгаа зүйл надад огт байхгүй.
-Тэгвэл таны “Аж ахуйн нэгжид хувьцаа олгоё” гэж байгаа шалтгаан юу юм бэ?
-УИХ 2010 оны зургаадугаар сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тавантолгойн хувьцааг хэрхэн хуваарилах талаар тусгасан УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталсан шүү дээ. Тогтоолд иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж тусгасан. Нэг ёсондоо тэгш хуваарилалтыг л ярьсан хэрэг. Социализм, коммунизмын үед л бүх юмыг хуваарилдаг байсан. Харин өнөөдөр “Социализмын үе биш учраас аж ахуй нэгжүүдэд тэгш боломж олгоё. Тэр тэгш боломжийг ашиглаад тухайн аж ахуй нэгж өөрийгөө аваад явах ёстой” гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Энэ үүднээсээ үндэсний компани, татвар төлөгч аж ахуйн нэгжүүддээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдъя гэдэг асуудлыг ярьж байсан. “Иргэндээ үнэ төлбөргүй тэгш хуваарилъя, үндэсний татвар төлөгч аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь худалдъя” гэж байна. Ялгаатай байгаа биз. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталснаас хойшхи жил гаруйн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 25 хувь болж өссөн. Энэ өсөлтийн гуравны нэг нь татвар төлөгчдийн улсын төсөвт төлж байгаа татварын хэмжээ, татвар төлөгчдийн тоо нэмэгдсэнээр бий болсон. Энэ нь УИХ-аас жил гаруйн өмнө гаргасан шийдвэр зөв байсныг харуулдаг. Цаана нь үлдэж байгаа гуравны хоёр хувь нь уул уурхайн салбараас хамааралтай. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа ухаад, гадагш нь гаргаснаас үүдэлтэй өсөлт. Гэтэл энэ баялгийг чинь нэг л өдөр ухаад дуусна шүү дээ.
-Зарим гишүүн “Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн цаана цөөн хэдэн хүн  байдаг” гэсэн тайлбар хэлж байсан. Бас нөгөө талаас “50-60 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, татвар төлж байна” гэх юм?
-Монгол Улсын хэмжээнд 640 мянган иргэн ямар нэг байдлаар хувьцаа эзэмшиж байна. Нэг ёсондоо улсад бүртгэлтэй компаниудын цаад эзэн нь энэ хүмүүс гэсэн үг. 640 мянган эзэн 80 мянга орчим компанийн хувьцааг эзэмшиж байгаа. Үүнээс 50 мянга орчим аж ахуйн нэгж нь улсад татвар төлж байна. Гэтэл асуудлыг нэг тийш нь мушгиж “50 мянган аж ахуйн нэгжийн цаана 2700 эзэн байна” гэж байна. Тэгвэл компаниудын цаана байгаа 2700 эзнийг зарла л даа. Үнэн л юм бол нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Яг үнэндээ 2700 биш. Нийгэмд баялаг бүтээж байгаа 50 гаруй мянган аж ахуйн нэгж байна. Энэ компаниудын төлж байгаа татвар дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж байна шүү дээ. Монгол Улсад өнөөдөр сая орчим хүн хөдөлмөр эрхэлдэг. Тэдний 800 мянга орчмыг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ажлын байраар хангаж байгаа. Бодит тоо бол энэ.
-Гишүүд оргүй зүйл ярьж байгаа гэсэн үг үү?
-Зарим гишүүн  “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын цаана 2700 хүн байна. Тэдний нэг нь С.Бямбацогт. Тэгээд аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх гээд байна” гэж байна. Тийм биш. Миний ярьж байгаа зүйл бол “Хүн бүр татвар төлөх ёстой. Татвар төлдөг иргэн, аж ахуйн нэгжээ Монголын төр дэмждэг юм байна шүү” гэдэг мессежийг өгөх асуудал. Татвар төлөх соёлд сургах гэсэн нэг оролдлого төдий. Өөр зорилго байхгүй. Төр татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардал, эмнэлэг, сургуулийн барилга барих, дэд бүтэц барих, тэтгэвэр, тэтгэмж, төрийн үйлчилгээг явуулах  асуудлыг шийдэж байгаа. Гэтэл татвар төлөгчдийн тоо, татварын бааз, суурь нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Ард иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломж бололцоо нь өсдөг. Тиймээс л төрийг, төрийн албан хаагчдыг тэжээдэг хүмүүсийг дэмжих хэрэгтэй гээд байгаа юм. Тэд татвар төлөх чадамжтай, хүчтэй болохын хэрээр Монголын төр хүчирхэг болно. Бид ийм нийгэм рүү эргэлт буцалтгүй орсон. Буцаад социализм, коммунизм руу орох гэж байгаа бол татвар төлөгчдөө дарамталж туранхай, эцэнхий байлгах ёстой. Татвар төлөгчид үнэхээр арчаагүй байна. Өөрсдийнх нь төлсөн татвар, бий болгосон нэмүү өртгөөр, өөрсдийнх нь ажлын байраар хангасан хүмүүсийн нуруун дээр төрийн ачаа явдаг юм байна гэдгийг ойлгодоггүй.
-Таныхаар татвар төлөгчид яах ёстой гэж?
-Татвар төлөгчид “Миний төлсөн татварыг зөв зарцуулж байна уу, буруу зарцуулж байна уу. Чухам юунд зарцуулж байна вэ” гэдэгт хяналт тавих ёстой. “Би Монгол Улсын төчнөөн иргэнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс намайг урамшуулах ёстой” гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Гэтэл татвараа төлөөд, бор зүрхээрээ зүтгээд, зүдэрч байна. Төрийн албан хаагч гэдэг “хадны мангааг”-аас айгаад, ажлаа бүтээх гэсэндээ шан харамж өгч байгаа. Энэ нь авлига болдог. Ажлаа бүтээхийн тулд дарамтлуулдаг. Ийм л байдалтай байна. Төр нь  татвар төлөгчдөөр тэжээлгэчихээд, буцаагаад тэднийг дарамтлаад сууж байдаг. Шударга бус шүү дээ.
-Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан. Цаашид энэ байр сууриа хадгалбал таны хэлсэнчлэн социализм, коммунизм руу шилжиж байгаа гэсэн үг үү?
-Яг тэгж ойлгож болохгүй. Байнгын хорооны хуралдаан дээр уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тиймээс хэлэлцэх явцад зөв гаргалгаа гаргаж болно. Яах вэ. Гишүүд парламентын танхимд маргадаг, мэтгэлцдэг, үзэл бодлоо хамгаалдаг. Парламент өөрөө ийм зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг.
-УИХ дахь МАН-ын намын бүлэг “Аж ахуйн нэгжид олгох хувьцааг иргэдэд нэмж олгоё” гэдэг дээр санал нэгдчихээд байгаа биз дээ?
-Манай намын бүлэг яагаад энэ асуудлыг удаа дараа хойшлуулсан юм бэ. “Иймэрхүү асуудал байна. Гарц хайя” гээд олон удаа ху­­ралдсан.    Гарц олсон.  Өнөө­дөр /өчиг­­­­­­­дөр/ хэлэлцэх эсэхийг шийдсэн. Тий­мээс тэрхүү гарцаар явна. Зөв ху­вил­барыг  гаргаж ирнэ.  Тэгш ху­ваа­рилалтаас гадна тэгш боломжийг олгох хэ­рэгтэй.
-Тэр гарц нь юу байх бол?
-Иргэдэд бэлэн мөнгө авах, хувьцаа эзэмших эрхийн аль нэгийг сонголттойгоор өгөх хэрэгтэй.Харин мөнгө авах хүсэлтэй иргэдийн хувьцааг аж ахуй нэгжүүд худалдан авч болно.
-Гишүүдийн “Иргэддээ өгье” гэж байгаа нь сонгууль угтсан арга хэмжээний нэг үү?
-Энэ асуудал тийм ч нууц биш. Сонгуультай л холбоотой. Бид 2000-2008 оныг хүртэл амласан. Ингээд Монгол Улсын 2.7 сая иргэний хоёр сая нь ямар нэг хэлбэрээр халамж авдаг болсон. Үүнийг арай гэж цэгцэлж байтал “Хүний хөгжил сан”-ийн мөнгө олгож эхэлсэн. Иргэд ч ажил хийх сонирхолгүй болсон. Ийм үед  дахиад “Та үнэ төлбөргүй хувьцаа  эзэмш. Хувьцааныхаа ногдол ашгаар ажил хийхгүй амьдарч болно” гээд байхаар Монгол Улсад хэн ажил хийх юм бэ. Хэн татвар төлж, хэн төрийн албан хаагчдыг тэжээх юм. Татвар төлөгчдөө дарамталчихаад зүгээр сууж байгаа иргэдийн ам руу  хоол халбагадаад байвал Монгол Улс яаж хөгжих юм бэ, тийм биз. Н.Батбаяр гишүүн байнгын хорооны хуралдаан дээр “Хууль санаачилсан, ард түмэндээ үнэгүй хувьцаа эзэмшүүлье” гэж популизм хийж байгаа гишүүд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлах үеэр эсрэг кноп дарж байхгүй яасан юм бэ. Жилийн өмнө “Маш зөв бодлого байна” гэж дэмжчихээд, сонгууль болох хугацаа ойртонгууд өөр юм ярьж байгаа нь ямар учиртай юм” гэж байсан. Үнэн шүү дээ.
-Н.Батбаяр нарын гишүүдтэй хамт та Оюутолгойн гэрээнд өөрч­лөлт оруулах шаардлагад гарын үсэг зурж байсан. Одоо нэр бүхий есөн гишүүн л тэмцлээ үргэлжлүүлж байна?
-Би “Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой. Гэрээг батлахыг дэмжиж байна. Гэхдээ сайжруулах, засч, залруулах зүйл байна” гэж ярьж байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Тэр үүднээс 20 гишүүний шаардлагад гарын үсэг зурсан. Харин надад “Засгийн газрыг огцруулъя” гэсэн бодол байгаагүй. Хамтарсан Засгийн газар томоохон асуудлаа шийдэж байна. Түүн дотор болох зүйл ч байна, болохгүй юм ч байна. Гэхдээ энэ чигээрээ цаашаа явах ёстой. Би АН-ын даргаас асууж байсан. “Ууж идэж, сандал, ширээ хуваах болохоороо “Хамтарсан шүү. Тал нь манайх” гээд. Ажил хийх, хариуцлага хүлээх болохоороо “Бидэнд хамаагүй. МАН олонхи байсан” гээд зугтаах уу, та. Сонгууль дуустал хамтарсан Засгийн газартаа байна биз” гэж асуусан. Н.Алтанхуяг дарга “Би хөөсөн ч гарахгүй. Нэгэнтээ эрхээ хамт эдэлж байгаа юм чинь хариуцлагаа хамт үүрнэ” гэсэн. Тиймээс би “Хамтарсан Засгийн газар энэ чигээрээ яваад сонгуульд оролцох ёстой” гэж боддог. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зураагүй.
-Гэтэл сүүлийн үед АН-ын зарим гишүүн намын даргаа солих талаар ярих боллоо. Бас хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх нь ч байна. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Нэг завин дээр сууж байгаад далайн шуурга эхлэхээр завинаасаа ус руу үсрэх гээд байгаа юм уу, хаачих гээд байгаа юм. Би ойлгохгүй байгаа. Нэгэнт л ажил хийж эхэлсэн бол дуустал нь хийх ёстой. Хамтарч ажлаа хийгээд, ирэх сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулна биз. Сонгууль дөхөөд, хариуцлага хүлээх болохоороо “Үгүй. Олонхи нь хариуцлага” хүлээх хэрэгтэй гээд зугтаах нь жудаггүй эрийн шинж байх.
-Тэгвэл МАН-д байдал ямар байна вэ. Та “МАН-д аадар бороо орж магадгүй. Залуу гишүүдэд ярьсан зүйл бий. Одоохондоо хэлэх цаг нь болоогүй” гэж байсан. Одоо хэлэх цаг нь болсон уу?
-Бид урагшаа харж байна. “Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө яаж биелүүлэх вэ” гэдэг дээр төвлөрч байгаа. Энэ утгаараа “УИХ-ын 2012 оны сонгуулийн үед яаж амжилттай ажиллах вэ” гээд  гар, сэтгэл нийлээд ажиллаж байгаа. Өөр илүү дутуу юм алга.  Бид том эрх ашиг, том бодлого баримтлах ёстой гэдгийг л ярьсан. Хамгийн эхэнд улс орны эрх ашгийг тавих хэрэгтэй. Дараа нь нам, хувь хүний эрх ашгийг ярих ёстой. Үүнийг л хэлсэн.
-Судалгаагаар МАН-ын рейтинг доогуур байгаа гэж гарсан. Үүний цаад шалтгаан юу юм бол?
-Намын рейтинг тааруу байна гэж ярьж байгаа. Сонгуулийн өмнө, ялангуяа хамтарсан Засгийн газар байгуулсан, сөрөг хүчин байхгүй энэ үед гудамжнаас аливаа зүйлийг харлуулж ярих тохиолдол байдаг юм билээ. Эмзэглээд байх асуудал биш. Таалагдах нэгэнд нь таалагдана. Таалагдахгүй байгаа хүмүүс ч байна. Гэхдээ “Зөв юм хийсэн юм байна. Тухайн үед буруу ойлгож байж. Амьдралд наалдах, өгөөжтэй зүйл олныг хийсэн юм байна” гэдгийг ойлгох цаг ирэх байх. Нөгөө талд хэсэг хүмүүс дүрдээ итгээд “Энэ орон зайг ашиглаж эрх барьж байгаа хоёр намыг цохиж унагана. УИХ-ын сонгуульд ялж, эрх барих бололцоо байна” гэж өөрсдийгөө хий хөөргөх хэрэггүй байх гэж бодож байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүмжлэх болсон нь үүнтэй холбоотой юу. Бас Н.Энхбаяр даргын хэлсэнчлэн нам дотор нэгийнхээ хийсэн хууль бус үйлдлийг өмгөөлж, хамгаалдаг үзэгдэл байсан хэвээр юм уу?
-Улс төрд байдаг л үзэгдэл. Тодорхой зорилготой, тодорхой үйлдлүүдийг хийж л байдаг юм билээ. Намыг удирдаж байсан, одоо удирдаж байгаа хүмүүсийн тухайн үед юу хийж байсныг би дүгнэж, шүүмлэх нь хэр зохимжтой юм бол. Тэгээд ч тэр хүмүүсийн юу ярьж, юу хийснийг хажууд нь сууж харж, сонсоогүй болохоор хэн нь үнэн, худлаа ярьж байгааг мэдэхгүй байна.
-МАХН тэргүүтэй парламентад суудалгүй нам, хөдөлгөөнүүд З.Алтай гишүүнээр дамжуулж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа өгсөн. “Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт батална” гэж байгаа энэ үед тэдний саналыг хэлэлцэх боломж хэр байгаа бол?
-Хүндэтгэлтэй хандана. Хандаж ч байгаа. Тиймээс тэдний саналыг  хэлэлцээд, гишүүдээс санал хураагаад  явна. Зөв зүйтэй санал байвал дэмжинэ. Болохгүй санал байвал унагана. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Мөн зарим асуудлуудыг нээлттэй орхисон байгаа. Цоо шинээр орж байгаа санал хэдий ч зохицуулаад хэлэлцээд явах бололцоо байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин

ШИНЭ МЭДЭЭ