Паркийн асуудлаар гишүүд асуулга тавьлаа
Үндэсний соёл амралтын хүрээлэнг 1965 онд байгуулжээ
2012.12.11
Барилга, Хот байгуулалт

Паркийн асуудлаар гишүүд асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Бямбацогт, С.Ганбаатар. Ж.Энхбаяр нараас ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Асуулгыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсын хүүхэд, залуучууд зөв хүн болон төлөвших, мэдлэг, боловсрол олж авахад тэдний сурч, хүмүүжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин, нөхцөл чухал ач холбогдолтой. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” нь нийслэл Улаанбаатар хотын хувьд зөвхөн хүүхэд, залуучуудаар зогсохгүй нийт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газруудын нэг юм.

Өнөөдөр тус хүрээлэн нь бүрэн шинэчлэгдэх 3 үе шаттай бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж эхэлсэн.

Гэвч Улаанбаатар хотын төвд байрлах “Үндэсний Соёл амралтын хүрээлэн”-гийн нутаг дэвсгэрийн газрыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд янз бүрийн хэлбэрээр өмчлөл, эзэмшилдээ авсаар хүрээлэнгийн талбайн хэмжээ 3 дахин багасаж анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна. Монголын залуучуудын холбооноос “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нутаг дэвсгэр нь зөвхөн хүүхэд, залуусын орчин байх ёстой” гэсэн асуудлыг хөндөж “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй болгоход төрийн бодлого чиглэл, дэмжлэг хэрэгтэй байна.

 Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гадна хүүхэд, залуусыг хөгжүүлэх зорилгоор баригдсан боловч зориулалтын бус хэлбэрээр ашиглагдаж, бүрэн гүйцэт ажиллахгүй байгаа олон байгууламж байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дараах асуулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандан тавьж байна:

 1. Монгол Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхэд, залуучуудын зориулалттай барилга, байгууламж байсан, тэдгээрийн хэдийг бүрэн болон хэсэгчлэн хувьчилсан, одоогийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хүүхэд залуучуудад зориулсан барилга, байгууламж, тэдгээрийн газрын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,

 2.   Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний барилга, байгууламж, тоног төхөөрмжийн өмчлөлийн тухай өмчлөгч тус бүрийн эзэмшиж байгаа хувь, хэмжээ, хэзээ, ямар аргаар, ямар нөхцөлтэйгээр хувьчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,

 3.   Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгжүүд болох “Мон Уран”-ы 1.1 га, “Шангрила Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн 3 га, Сөүл рестораны 0.9 га газрын өмчлөл, эзэмшлийн гэрээний нөхцөл, хугацааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,

 4.   Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 32 га газраас 12 га газарт “Бодь” группын “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь бүтээн байгуулалт хийж, үлдсэн 20 га газарт нь бизнес төв, зочид буудал барихаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл өгөх,

 5.   Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийг тус газрыг зориулалтаар нь ашиглахад ямар нөхцөл, болзол тавих тухай,

 6.   Монгол Улсын 2013 оны төсөвт туссан Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгнөөс хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг хүүхдийн паркын нутаг дэвсгэрт байгуулах, тэдгээрт зориулсан бусад арга хэмжээ төлөвлөгдсөн талаар мэдээллийг ирүүлнэ үү.

Энэхүү  асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ, С.ОДОНТУЯА, Ж.ЭНХБАЯР, С.ГАНБААТАР

ШИНЭ МЭДЭЭ