С.Бямбацогт, Р.Амаржаргал нар “Алтан тул” гардав
Энэ жилийн “Алтан тул” цомын эзнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал нарыг шалгаруулжээ.
2012.12.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

С.Бямбацогт, Р.Амаржаргал нар “Алтан тул” гардав

Оны шилдэг эдийн засагч шалгаруулж  “Алтан тул” өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа 15 дахь жилдээ боллоо. “Алтан тул”-ын эздийг тодруулахдаа Монголын эдийн засагт үзүүлсэн нөлөө, эдийн засгийг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санаа, байр суурийг нь шалгуур болгодог аж.

Энэ жилийн “Алтан тул” цомын эзнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал нарыг шалгаруулжээ. С.Бямбацогт гишүүнийг  УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон, нийгэм, эдийн засгийн салбарт зөв зохицуулалт хийх хуулиудыг санаачлан хэлэлцүүлж батлуулсан, Оюутолгойн гэрээний асуудалд эх оронч байр сууринаас хандаж, тодорхой үр дүнд хүрснийг нь үнэлж энэхүү шагналыг олгожээ.

Харин мөнгөний бодлого, Засгийн газраас гаргаж байгаа бондын асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлдэг хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг “Алтан тул”-аар шагнасан байна. Тэдэнтэй хамт “Монголд ээлтэй дипломат” өргөмжлөлөөр  Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Такэнори Шимизүг тодруулжээ.

Оны шилдэг эдийн засагчийн шагналыг шалгаруулах “Алтан тул” ёслолын арга хэмжээг Монгол дээд сургууль, Монголын Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын Тул хамгаалах нийгэмлэгээс  хамтран зохион байгуулдаг юм.

ШИНЭ МЭДЭЭ