Засгийн газар асуудлыг хялбараас нь барьж аваад байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Бямбацогт
2012.12.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Засгийн газар асуудлыг хялбараас нь барьж аваад байна

Шинэчлэлийн Засгийн газар арьс, ширний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах санал оруулж ирсэн билээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үүн дээр нэмж 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн санал гаргаад байгаа. Энэ талаар түүний байр суурийг сонирхлоо.

-Та сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бонд гаргах санаачилга гаргасан. Таны энэ санал цаг хугацааны хувьд тохиромжгүй юм биш үү?

-Өмнөх УИХ-ын үед малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн бодлого барьж ирсэн. Энэ ажлын үр дүнд ноос, ноолуурын салбар босоод ирлээ шүү дээ. Түүний үргэлжлэл болж, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих бонд гаргах гэж байна. Гэхдээ Засгийн газар асуудлыг хялбараас нь шилж барьж авлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг бодвол арьс, ширийг хадгалж, тээвэрлэхэд түвэггүй байж болно. Гэхдээ монгол хүнд аль нь илүү хэрэгтэй юм бэ гэдгийг бодох ёстой байсан юм. Өнөөдөр арьс шир бидний өдөр тутмын хэрэглээ биш шүү дээ. Эсрэгээрээ мах, сүү бол бидний байнгын хэрэглээ. Цаг хугацааны хувьд сүү үйлдвэрлэгчид нь тоног төхөөрөмжөө захиалаад авч байг л дээ. Иргэд нийлээд хоршоогоо ч гэсэн байгуулаад байж байг. Сүүний улирал эхэлсний дараа энэ бүгдийг амжуулах гэсээр байтал өвөл болчихно.

-Та сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн талаар судалгаа хийсэн үү?

-Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих талаар өмнөх Засгийн газрын үед хийсэн судалгаа байдаг юм. Үүнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч багтсан.

Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нь 120-140 литр. Энийг 2.7 сая хүндээ тооцоод үзэхэд 300 гаруй сая литр болно.

Үүнээс нийслэл болон 21 аймгийн төвийн хэрэглээ нь 120 орчим сая литр болж байна лээ. Харин Монгол Улс 40 сая малтай. Жилд 400-500 сая литр сүү авах нөөц бололцоотой. Гэтэл хэрэглээнийхээ 20 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 80 хувийг нь Хятадаас өндөр үнээр импортолж байна. Тэр нь тэгээд хуурай сүү шүү. Би үүнийг л шийдвэрлүүлэхээр асуудал дэвшүүлж байгаа юм.

-Зах зээл нь чамгүй том юм. Тэгэхээр таны санал болгоод байгаа 100 тэрбум төгрөг энэ салбарыг хөл дээр нь босгоход хүрэлцэх үү?

-Энэ мөнгөөр 21 аймагт сүүний үйлдвэр, Монгол Улсын хэмжээнд 150 ширхэг сүү хадгалдаг танкер барина. Мөн орон нутгийн онцлогийг харгалзаж үзээд тодорхой бүс нутагт бяслагийн, өөр нэг бүсэд нь цөцгийн тосны үйлдвэр байгуулж болно. Үүнд нийтдээ 40 тэрбум төгрөг л шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байгаа. Үлдэж байгаа 60 тэрбумаар нь барьсан үйлдвэрүүддээ сүү өгч байгаа малчдад 500 хүртэл төгрөгийн урамшуулал олгоё гэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ