Бонд тойрсон байр суурь
Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн хамгийн том ажил нь бонд гаргасан явдал
2012.12.06
Эдийн засаг, Худалдаа

Бонд тойрсон байр суурь

Монгол улсын Засгийн газар дэлхийн зах зээл дээр 1,5 тэрбум ам.долларын бондыг амжилттай борлуулж чадсан. Өчигдөр Төрийн сангийн дансанд ойролцоогоор 2 их наяд төгрөг байршчихсан. Сангийн сайд Ч.Улааны мэдэгдэж байгаагаар болон эрх баригчдын зүгээс дээрх мөнгөний 70-80 хувийг төмөр замын төсөлд зарцуулахаа мэдэгдээд байгаа.  Энэ тал дээр улс төрчдийн байр суурь ямар байгааг сонирхлоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Засгийн газрын бонд гаргадаг, монголбанкнаас мөнгө гаргадаг, гадаад дотоодоос мөнгө босгодог гэдгийг хэн бүхэн сайн мэдэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд 5 тэрбум ам.долларын бондыг босгож, 1,5 тэрбум долларын зээлийг авлаа.

Түүнчлэн ноос ноолуурын салбарт бонд гаргасан, нефть бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор 180 сая төгрөгийг Монголбанкнаас хүүгүй, хөнгөлөлттэй зээлийг олгочихсон. Дээрээс нь өнөөдөр 200 тэрбум төгрөгний бондыг гаргах асуудал яригдаж байна. Иймэрхүү байдлаар бид ёроолгүй сав шиг улсынхаа төсөвт хандаж болохгүй гэж үзэж байна.

Өнөөдөр бид авч хэрэглэж болох ч ирээдүй хойч үед өр болон үлдэх вий гэсэн болгоомжлолтой хандмаар байна. Тиймээс Ардын намын гишүүдийн зүгээс бондууд дээр ажлын хэсэг гаргаж, хяналт тавьж ажиллаж, зөв зүйтэй зүйлд зарцуулуулах хэрэгтэй гэж үзэж байгаа”.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

“Би эхнээсээ бонд гаргах асуудлыг  дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн.  “Монгол улсын худалдааны нийт эргэлт  15 тэрбум , гадаад өр  9  тэрбум  доллар байгаа нөхцөлд энэ асуудлыг оруулах нь хэцүү.

Дэлхийн ихэнх баячууд америк гэх тодотголтой ч  дийлэнх нь  хятад хүмүүс байдаг.  Одоо  Америк  эдийн засгийн  хувьд Хятадын шууд  хараанд орохоос сэргийлж байхад манайд эсрэгээрээ, зарим нөхөд гадаад бонд гэсэн нэрээр Монголыг хятадуудын хараанд оруулах гэсэн  далд санаатай байх шиг. Дээрээс нь  ямар ч банк нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. 

Энэ утгаараа Хөгжлийн банк нэртэй “хөгжихгүй” банк бий болгож,  үргэлж  үр ашиггүй ажиллуулах гэж байгаа нь утгагүй үйлдэл. Ардчилсан намын зүгээс оруулж ирсэн таван тэрбумын санал нь тодорхой болсон төсөл байхгүй, хоосон мөрөөдлийг санхүүжүүлэх гээд байгаа нь илт байна”.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:

“Өнгөрсөн засгийн газраас маш их өртэй ЗГ-ыг бид хүлээж авсан. Гэхдээ бид эрчтэй, зөв бодлого хэрэгжүүлж намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлж эхлээд байгаа. Сая гаргасан бондыг халамж болгож тараахгүй. Үйлдвэржилт, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна. Бүтээн байгуулалт өөрөө эргээд маш их орлогыг авчрах нь ойлгомжтой.

Нэг тэрбум долларыг төмөр замдаа өгнө. Өнөөдөр нүүрсээ маш хямдхан өгчихөөд тэрнээс олсон орлогоо тэтгэвэр тэтгэмж болгоод тараагаад амьдраад байх нь зөв үү, аль эсвэл зээлсэн мөнгөөрөө төмөр зам барих уу гэдэг чинь сонголт. Төмөр замаа барьчихаар дан ганц худалдан авагчийн үнэнд багтаж амьдрахаа болино. Өөр олон зах зээл рүү гарах боломжтой болно.

Нүүрсний үнэ одоогийнхоос дор хаяж 3 дахин өндөр үнэд хүрнэ. Баялгаас олох орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаад маш олон залуус ажилтай, орлоготой болно.

Бондыг зээлж авлаа гээд МАН-ынхан баахан шоу хийгээд байгаа”.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар:

“1,5 тэрбум ам.доллараар том бүтээн байгуулалт хийвэл маш зүйтэй.

Гэтэл өдөрт 270 сая төгрөгний хүү төлөөд тэр мөнгө нь юунд ч зарцуулагдахгүй, зарцуулагдсан ч үр ашиггүй зүйлд зарцуулаад байвал монголын ард түмний нуруун дээр өр л болж үлдэнэ. Тэрэн шиг аймшигтай зүйл үгүй. Үүнийг засч залруулах хэрэгтэй. Энэ асуудал дээр цөөнхийн хяналт дутагдаж байгаа гэдгийг хэлмээр байна”.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан:

“Бондыг хөрөнгө оруулалтын шинжтэй эдийн засгийн хувьд үр ашигтай бизнесийн хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж ашиглана. Өөрөөр хэлбэл, өндөр үр ашигтай төсөл хэрэгжиж, эргэж өөрөө зээлээ төлөх бололцоог харгалзан үзсэн үнэт цаас юм.

Шинэ бондыг төсвийн урсгал зардал, нийгмийн халамжийн арга хэмжээнд ашиглахгүй. Үүнийг хуульдаа тодорхой зааж өгч байгаа. Үүнийг зөвхөн үр ашигтай төсөл хөтөлбөрт зориулна”.

ШИНЭ МЭДЭЭ