С.Бямбацогт: Улсын төсөвт ёроолгүй сав шиг хандаж болохгүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2012.12.04
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Улсын төсөвт ёроолгүй сав шиг хандаж болохгүй

Улсын Их Хуралд Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан  өчигдөр болж өнгөрлөө. Тус хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодруулга авлаа.

-Сая хуралдаанаар ямар асуудлыг авч хэлэлцсэн бэ?

Бид нэгдүгээрт УИХ-ын тухай болон, УИХ-ын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдах гэтэл байнгын хорооны ирц хүрээгүй учир хойшилсон.

Уг нь УИХ дахь намын бүлэг байгуулахтай холбоотой асуудал байсан. Мөн дэгийн хуулийн өөрчлөлтөд чуулганы хуралдаанаас завсарлага авах эсэхийг хэлэлцэх тухай хэлэлцлээ. Тэгээд хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Ерөнхийлөгч энэ улс төрийн талцсан, хуваалцсан байдлыг харгалзаж үзээд тус хуулийг  оруулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бид энэ хуулинд хүндэтгэлтэй хандаж, дэмжиж оролцоно гэдгийг шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт засгийн газраас үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд орж ирсэн.

-Засгийн газраас 200 орчим тэрбум төгрөгний бондыг гаргаж, үүгээрээ арьс ширний үйлдвэрийг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлье гэсэн чиглэл барьж байгаа. Гишүүдийн хурлаар энэ  асуудал дээр ямар байр суурь дээр нэгдсэн бэ?

Ерөнхийдөө дэмжиж байгаа. Богийн арьс, бодын ширэнд урамшуулал олгодог больё, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын тулд эдгээр үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгний зээл олгодог болгохыг дэмжинэ. Гэхдээ цаашдаа олон асуудлыг анхаарах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Өнгөрсөн жил 300 тэрбум төгрөгний бонд гаргаж, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжиж байсан

Өнгөрсөн улсын их хурлын үед 300 тэрбум төгрөгний бонд гаргаж, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихээр ажиллаж байсан. Тэр үед 275 тэрбум төгрөг нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч, малчдад очсон. Харин өнөөдөр тэд юу хийж бүтээв, ямар үр дүн гаргасныг эргэж харах хэрэгтэй байна. Арьс ширний үйлдвэрээс гадна, мах, сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг урамшуулах асуудлыг эргэж харья гэсэн байр суурьтай байгаа.

-Бондыг амжилттай гаргалаа л гэнэ. Гэхдээ эргэж харах асуудал их байна. Өмнөх бонд гаргасан ажлууд хэр үр дүнтэй болсныг шалгаж үзсэн үү. Баахан өртэй болох магадлал их гэдгийг эдийн засагчид хэлж байгаа шүү дээ?

Засгийн газрын бонд гаргадаг, монголбанкнаас мөнгө гаргадаг, гадаад дотоодоос мөнгө босгодог гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд 5 тэрбум ам.долларын бондыг босгож, 1,5 тэрбум долларын зээлийг авахаар боллоо.

Түүнчлэн ноос ноолуурын салбарт бонд гаргасан, нефть бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор 180 сая төгрөгийг Монголбанкнаас хүүгүй, хөнгөлөлттэй зээлийг олгочихсон дээрээс нь өнөөдөр 200 тэрбум төгрөгний бондыг гаргах асуудал яригдаж байна. Иймэрхүү байдлаар бид ёроолгүй сав шиг улсынхаа төсөвт хандаж болохгүй гэж үзэж байна.

Өнөөдөр бид авч хэрэглэж болох ч ирээдүй хойч үед өр болон үлдэх вий гэсэн болгоомжлолтой хандмаар байна. Тиймээс Ардын намын гишүүдийн зүгээс бондууд дээр ажлын хэсэг гаргаж, хяналт тавьж ажиллаж, зөв зүйтэй зүйлд зарцуулуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ